"Smash Mouth" рок хамтлагийг үндэслэгч Стив Харвелл даваа гарагт 56 насандаа таалал төгслөө. Нас барсан шалтгааны талаар хэн нэгэн мэдээлэл өгөөгүй ч Харвелл амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байжээ. Тэрбээр Айдахо мужийн Бойсе дахь гэртээ гэр бүл, найз нөхдийнхөө хамт байхдаа нас барсан гэж "Smash Mouth" хамтлагийн менежер Роберт Хэйс мэдэгдэв.
Харвелл 1994 онд хамтлагийн үүсгэн байгуулагч гишүүдийн нэг байв. "All Star" болон "I'm a Believer" дуугаараа алдартай "Smash Mouth" хамтлагийн гоцлол дуучнаар удаан хугацаанд ажилласан юм. Хамтлаг нь 2001 онд гарсан "Шрек" хүүхэлдэйн киноны дууг бүтээснийхээ дараа "All Star" дуугаараа Грэммигийн шагналд нэр дэвшиж байжээ.
Харвелл өөрөө хамтлагийнхаа алдар нэрийг өсгөхийн тулд маш их хүчин чармайлт гаргаж, "Astro Lounge"-оо улс даяарх радио станцуудаар дамжуулж, олон нийтэд цацсан гэдэг. "Бид хэзээ ч уламжлалт зүйл хийдэггүй" гэж 1999 онд Харвелл хэлжээ.
"Smash Mouth" 90-ээд оны сүүлчээр оргил амжилтад хүрч байхад хамтлаг хамтдаа уран бүтээлээ үргэлжлүүлж, шүтэн бишрэгчид нь ч тэдэнтэй хамт байсан.
Сүүлийн жилүүдэд хийсэн аялан тоглолтынхоо тухай Харвелл хэлэхдээ "Хүмүүсийн биднийг хүлээж авч байгаа нь яг хуучин цагийг санагдуулж байна. Бидний дунд сайхан нөхөрлөл бий. Бид хэдийгээр хөгширч байгаа ч дуртай зүйлээ хийж байна. Олон жилийн өмнөхөөс ч илүү сайхан мэдрэмж байлаа" хэмээсэн байдаг.
Харвелл 2021 онд эрүүл мэндийн асуудлаас болж хамтлагаа орхисноос хойш хамтлаг шинэ гоцлол дуучин Зак Гүүдтэй хамтран тоглолтоо үргэлжлүүлсээр байна.
Л.Сайнаа