Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап Францис манай улсад айлчилж буй. Түүнийг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авсан билээ. Энэ үеэр Пап Францисыг угтан, Италиар мэндчилсэн Г.Хулантай ярилцлаа. Тэрбээр Итали хэлийг дөрвөн настайдаа сурч байжээ.
-Энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Баярлалаа, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ганбатын Хулан гэдэг. Би зургаадугаар ангид сурдаг. Өчигдөр Ромын Пап Францисыг угтаж мэндчилсэн.
-Ромын Пап Францисыг угтах болсноо хэзээ мэдсэн бэ?
-Пап Францисыг угтах болсноо наймдугаар сарын 22-ны өдөр мэдсэн. Анх мэдэхэд жаахан сандарсан. Мэдсэн өдрөөсөө эхлээд мэндчилэх үгээ бэлдсэн. Гэр бүлийнхэн маань маш их тусалсан.
-Сүхбаатарын талбайд түүнийг угтах мөчид сандарсан уу? Тухайн үед ямар мэдрэмж төрсөн бэ?
-Чанга ая явж эхлэхэд сандарсан. Нэг Итали эгч намайг сандарч байгааг мэдээд надтай юм ярьсан. “Дээл чинь их гоё юм аа” гэж хэлэхэд нь би дээлийнхээ тухай тайлбарлаж өгсөн. Тэгээд л ая ч намуухан болж, би ч сандрахаа больсон.
-Анх удаа төрийн айлчлалд оролцсон уу? Чамд ямар сэтгэгдэл үлдээсэн бэ?
-Анх удаа ийм том үйл ажиллагаанд оролцсон учраас маш их догдолсон. Өчигдрийн үйл явдал миний сэтгэлд маш гоё, тансаг мэдрэмж үлдээсэн. Тиймээс би маш их баяртай байгаа.
-Ромын Пап Францисыг угтах болсноо мэдээд түүний талаар уншиж судалсан уу? Түүний талаар юу мэдэх вэ?
-Ээж маань Ромын Папын талаар мэдээлэл уншаарай гэж зөвлөсөн. Ээжийнхээ зөвлөснөөр түүний талаар уншиж, өөрийнхөө хэмжээнд мэдээлэлтэй болсон. Гүюг хааны захидлаас хойш 777 жилийн дараа ирж байгаа түүхэн айлчлал юм билээ.
-Пап Францистай юу гэж мэндчилсэн бэ? Тэр чамд юу гэж хэлсэн бэ? Мөн бэлэг өгсөн шүү дээ.
-“Өглөөний мэнд Пап Францис. Монгол Улсад тавтай морилно уу. Манай Монгол их гоё шүү. Манай улсад зочилж ирж буйд маш их баярлалаа. Танд урт удаан амьдралыг хүсэн ерөөе” гэж хэлсэн. Миний мэндчилгээний хариуд “Маш их баярлалаа. Монгол Улс их гоё байна. Үнэхээр сонирхолтой улс байна гэж” хэлсэн.
Түүний өгсөн бэлэг нь зоос шиг хэрнээ дээрээ таван хошуу малын дүрстэй байсан. Энэ бэлгийг Монголчуудад зориулж хийсэн гэж бодож байгаа. Надад маш үнэ цэнтэй бэлэг болохоор хадгална.
Папын тухай уншиж судлах үед интернэт орчинд зарим хүн “энэ өвгөн юу хийх гэж ирсэн юм бэ, ямар хувь нэмэр оруулж байгаа юм бэ” гэх мэт муухай хүлээж авч байгаа юм шиг санагдсан. Монголчууд маань түүхээ судлаасай гэж хүсэж байна. Юуны төлөө ирж байгаа нь илт байгаа шүү дээ.
-Итали хэлийг хэрхэн сурсан бэ? Бичлэгээс үзэхэд Итали дуудлага маш цэвэрхэн сонсогдсон.
-Манайх гэр бүлээрээ Итали улсын Ром хотод гурван жил амьдарсан. Гурван сарын дотор Итали хэлийг сурсан. Итали хэл бичигдсэнээр уншигддаг болохоор хүндрэлтэй зүйл байгаагүй. Би тухайн үед дөрвөн настай жаахан хүүхэд байсан болохоор хэлийг хурдан сурсан гэж боддог.
-Өчигдөр Итали хүмүүстэй ярилцаж амжсан уу?
-Тийм ээ. Дөрвөн жилийн дараа Итали хүмүүстэй ярилцах маш сонирхолтой байсан. Итали, Монгол Улс хоёр хөрш юм шиг. Нэг бол Монголд байгаа ч юм шиг, эсвэл Италид байгаа мэт байсан.
-Монголд тэр бүр Итали хүмүүстэй таараад, Италиар ярих боломж бага шүү дээ. Хэлээ хэрхэн сайжруулж байна вэ?
-Гэртээ ахтайгаа Италиар ярьчихдаг болохоор хэлээ мартахгүй байгаа. Заримдаа дүүтэйгээ Италиар ярьдаг.
-Ватикан улсад очиж үзсэн үү?
-Тийм ээ. Ватикан улсын сүмд очиж байсан. Таван настай байхдаа очсон болохоор жижиг улс шиг санагдаагүй.
-Өчигдөр Пап Францисаас гадна Ерөнхийлөгчтэй уулзсан шүү дээ. Ерөнхийлөгч чамд юу гэж хэлсэн бэ?
-Би өчигдөр Пап Францис болон Ерөнхийлөгч нартай анх удаа уулзсан. Ерөнхийлөгч надад “Мундаг байлаа, мундаг шүү” гэж хэлсэн.
Тэдэнтэй уулзах маш мөч маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Мартагдашгүй мэдрэмж байх аа.
-Уг айлчлалд зориулж дээлээ хийлгэсэн үү? Хэн урлаж өгсөн бэ?
-Тийм ээ. Айлчлалд зориулж хийлгэсэн. Ээж бид хоёр ярилцаад Ватикан улсын төрийн далбааны өнгийг шингээж, уусгасан өнгөтэй дээл хийлгэхээр шийдсэн. Миний дээлийг манай эгч урлаж өгсөн.
-Ямар мэргэжилтэй хүн болъё гэж боддог вэ? Мэргэжлээ сонгосон уу?
-Би Монгол улсдаа нэрээ гаргасан дипломатч болохыг хүсдэг. Олон улсаар зочлоод, хоёр улсын харилцааг эв найрамдалтай болгодог мэргэжил учраас энэ мэргэжлээр сурахаар шийдсэн. Монголдоо хувь нэмэр оруулахыг хүсэж байна. Дипломатч болоод хамгийн түрүүнд Италид очно.
-Чамайг Пап Францисыг угтсаныг найз нөхөд, эргэн тойрны хүмүүс нь мэдээд чамд хандаж юу гэж хэлсэн бэ?
-Баяр хүргэе, мундаг байсан шүү гэх үгийг маш их сонссон. Мөн хүмүүсийн сошиал орчинд бичсэн эерэг сэтгэгдлүүд маш их урам өгсөн.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)