Эрт үеэс өнөөг хүртэл уламжилж ирсэн хосгүй нандин өв соёл, ёс уламжлалын талаар бэлтгэн хүргэдэг МОНГОЛ ӨВ булангийн энэ удаагийн дугаарт соёлын биет өв болох алтай ятгыг онцоллоо.
Хүн төрөлхтөн олон янзын урлагийн бүтээлийг эрт үеэс зохион бүтээж, цагийн аясаар уламжилж ирснийг түүхийн олон дурсгал гэрчилж байна. Чухамдаа соёлын биет ба биет бус өвийн алин байсан ч үүсэл гарал нь улам эрт үеийг заах сурвалж, олдворууд шинээр гарч ирсээр. Тэдгээрийн нэг нь 2008 оны зургадугаар сард Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулаас модоор урласан “алтай ятга” хөгжим олдсон билээ. Энэхүү чухал өвийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн ажилтан, профессор Ц.Төрбат, Д.Батсүх нарын удирдсан хээрийн шинжилгээний анги тус уулын нүхэн хадны оршуулгыг малтан судлах үедээ олсон байдаг.
Уг оршуулга нь Түрүү Дундад зууны үеийн 20-25 настай дайчин эрийн булш юм. Үүнээс олон тооны эд өлгийн зүйлс гарсны дотор хамгийн гайхамшигтай олдвор нь модоор урласан чавхдаст хөгжмийн зэмсэг ажээ. Тухайн хөгжмийн нийт урт 72 см, өргөн 10.1 см бол холбогдох он цаг нь 1400 гаруй жилийн өмнөх үе буюу НТ 590-670 он.
Уг хөгжмийн их биеийг залгаасгүй хус модоор сийлжээ. Харин царны таг болон тээгийг уд модоор хийсэн болохыг судлаачид тогтоосон байна. Нарийн урт хүзүү, завь хэлбэрийн их биетэй. Хөгжмийн толгой хэсэгт шөмбөгөр хоншоор, багахан хөхөл бүхий адууны толгойг дүрсэлжээ. Адууны дагзан дээр дөрвөлжин хэлбэрийн нүх ухсан нь чавхдас бүхий босоо гарыг суулгах үүрэгтэй аж. Хүзүүг хар өнгийн холтсоор битүү ороож байсан бололтой.
Евразийн хэмжээнд булш оршуулгын малтлагаас модон хөгжмийн зэмсэг гарсан тохиолдол нэн ховор байдаг нь өнөөг хүртэл хадгалагдаж ирэх нөхцөл хангалтгүй байсантай холбоотой юм. Харин төмөрлөг болон яс, чулуун зэмсгүүд цөөнгүй гарч байжээ. Жаргалант хайрханы хөгжмийн царны эсрэг талд сийлмэл зураг сийлсэн нь өвөрмөц. Зургаан буга, нэг янгир, таван нохой болон нумаа эвшээлгэн харвахыг завдаж буй нэгэн анчныг сийлсэн нь Түрэгийн үеийн хадны зургийн дүрслэлтэй зарим талаар төстэй аж. Ан авын сэдэвтэй зураг хэмээн үзэж болох бөгөөд эртний нүүдэлчид их ав хомрогын өмнө уул усны эзэн савдгаа эл аялгуут хөгжмөөр аргаддаг байсан болов уу хэмээн судлаачид таамагладаг.
Уг хөгжмийн зэмсгийн хажуу бөөр, хүзүүний дагуу зургаан хэсэг газарт эртний руни бичгийг сийлжээ. Профессор Ц.Баттулгын тайлж, уншсаны дагуу уг хөгжмийг эртний түрэг хэлээр Яаялиг (монгол хэлээр - Аялгуут) хэмээн нэрлэж байжээ. Харин хөгжмийн зэмсгийг эзэмшиж байсан баатар эрийг “Чүрэ” гэдэг төдийгүй түүний олонд түгсэн алдар цуу нь “Яая-Огыл” буюу “Аялгууч хүү” гэдэг байсан бололтой. Хөгжим судлаач, урлаачдын хамтын судалгааны үр дүнд уг хөгжмийн зэмсгийн унаган хөг аялгууг сэргээн тогтоожээ. Өдгөө язгуур урлагийн “Алтай” хамтлаг эл хөгжмийн зэмсгийг дахин сэргээж олон гайхалтай аялгууг туурвиж буй.
Уянга, Бөртэ, Алтай хамтлагуудыг үүсгэн байгуулагч, хөгжмийн продюсер, Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн, хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Д.Ганпүрэв "Алтай ятга бол Монголчуудын соёлын тусгаар тогтнолыг дэлхийд баталгаажуулсан цорын ганц үнэт зүйл.
Нүүдэлчид нуман ятгаар тоглодог байсны тод нотолгоо. Бодит баримт дээр тулгуурласан үүх түүхтэй хөгжмийн зэмсэг. Монгол Улсын түүхэнд гарч байгаагүй түүхэн олдвор, түүхэн судалгаа, сэргээн засварлалт, хөгжүүлэлт. Ижил төстэй хөгжмийн зэмсэг Монголын үндэсний хөгжмийн ай савд байхгүй.
Учир нь бидний ой санамж, удмын хэлхээс таван зуунаар тасарч дорнын соёлд уусах хэмжээнд явж байгаа энэ үед Алтай ятга төрдөө адлуулж, энэ нийгмийн буруу өвгөжсөн мэдлэг доор гишгүүлэх тохиолдол багагүй бий. Үндэсний төрийн их найрал хөгжимдөө хятад хуучир, шанз, ёочин, ятгаа залсан. Түүнийгээ хятадаас худалдаж аваад монгол үндэсний хөгжим гэж тайлбарладаг энэ цаг үед зарим нэг судлаачид Алтай ятгын эсрэг байр суурьтай байгаа нь амьдралын эрхээр үрээсээ холдоод олон жилийн дараа танихгүй байгаа мэт тийм зураглал тод харагддаг" хэмээн ярьсан байдаг.
2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Монгол шуудан” компаниас “Алтай ятга” сэдэвт цуврал марк гаргаж нээсэн билээ. Алтай ятгыг маркт мөнхлөх ажлыг “Монгол шуудан” компани, Монгол Уламжлалын академи, “Монгол костюмс” төв хамтран гүйцэтгэсэн байна.
Р.Батхишиг