2019 оны ФИБА-гийн сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнөхөн ФИБА-гийн шинэхэн зохион бүтээсэн сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах цомыг олон нийтэд танилцуулсан байдаг. Тэгвэл бид та бүхэнд энэ жилийн ДАШТ аварга багийн өргөх шинэ цомын тухай танилцуулга мэдээллийг хүргэж байна.
Түүхэндээ анх удаа сагсан бөмбөгийн дээд шагнал бараг бүхэлдээ алтаар хийгдсэн тохиолдол нь энэ удаагийнх. Дэлхийн бүх аваргуудын нэрсийн жагсаалтыг цомын хажуу тал дээр бичсэн байдаг. Мөн ФИБА-гийн анхны нэр болох "Олон улсын сагсан бөмбөг сонирхогчдын холбоо" гэсэн алтан цагираг дүрслэгдсэн. Үүнийг албан ёсны цом гэж тодорхойлдог. Эдгээр шинж чанаруудын нэгдэл нь уг цомыг нэр хүндтэй, уламжлалт шинж чанартай харагдуулдаг ажээ.
ФИБА-гийн сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өмнөхөөсөө илүү өргөн цар хүрээтэй болсонтой холбогдуулан уг цом шинэчлэгдсэн. Хоёр жил үргэлжилсэн сонгон шалгаруулалтын оргил үе болох уг тэмцээнд 2019 онд 32 баг оролцсон бөгөөд 2023 онд ч мөн адил форматтай зохион байгуулагдаж буй. 2017 онд ФИБА-гийн шинэ тэмцээний тогтолцоог нэвтрүүлж байгаатай холбогдуулан ФИБА-гийн Тивийн цомын ялагчдад олгодог бүх цомыг мөн шинэчилсэн байдаг.
FIBA-гийн сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах цомын өндөр нь 60 сантиметр буюу өмнөхөөсөө 13 см-ээр илүү өндөр бүтээгдсэн нь спортын цомууд дундаа хамгийн өндөрт тооцогдож байна. FIBA сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний уг шинэ цомыг дархан Томас Лайт гараараа урлажээ.
Л.Сайнаа