Монгол түмний эрийн гурван наадмын нэг Үндэсний бөх Допинг гэх хар тахалд нэрвэгдээд буйг бид сүүлийн хэдэн сонссон. Хамгийн том цолтой Дархан аварга А.Сүхбатаас эхлээд хамгийн бага цолтой Сумын заан С.Майнбаяр зэрэг 40 гаруй бөх 2002 оноос өнөөг хүртэл уг асуудалд нэр холбогдов. Тэгвэл эдгээр бөхчүүдийн олонхоос нь Анаболик стеройд буюу “тестостерон” хэмээх бодис илэрсэн байна. Энэ нь биеийн хүчийг үлэмж нэмэгдүүлдэг шидтэй бэлдмэл аж. Тэгвэл бид та бүхэнд уг бодисын талаар танилцуулга хүргэж байна.
Анаболик стеройд гэдэг нь синтетик аргаар буюу лабораторид гаргаж авсан эр бэлгийн даавар “тестостерон” юм. Уг дааврын нэмэлт бүтээгдэхүүнийг АНУ-ын Хууль зүйн яамны харьяа Мансууруулах бодистой тэмцэх газраас “Гуравдугаар зэрэглэл”-ийн хориотой бодисын жагсаалтад оруулсан байдаг.
Эмчийн жороор л биш бол уг дааврыг хэрэглэх нь “хууль бус”. Монголд БНХАУ-аас хууль бусаар импортлон оруулж ирж буй уг дааврыг сүүлийн үед бодибилдингийн спортоор хичээллэгчид, тамирчид, өсвөр үеийнхэн болон залуучууд ихээр хэрэглэж байна. Энэ даавар нь яс, булчингийн уургийн нийлэгжэлтийг ихэсгэдэг болохоор нэмэлтээр авсан тохиолдолд булчингийн нөхөн төлжилт хурдан, ядрал бага байна.
Жирийн үед хүний булчин ядралаас буцаж төлжих сэргэлтийн хугацаа 48 цаг байдаг бол стеройд хэрэглэхэд хоёр дахин хурдасна. Мөн булчингийн масс хурдан томорно, өөх шатах процесс хурдасдаг учраас түргэн хугацаанд сайхан биетэй болох зорилгоор залуучууд хэрэглэж байна.
Сөрөг үр дагаврууд нь удаан хугацааны дараа илэрдэг учраас манайхан мэдэхгүй хэрэглээд байгаа бололтой. Үүнийг хэрэглэснээр элэг, бөөр, түрүү булчирхайн хорт хавдар үүсгэх гол хүчин зүйл болдог.Үнэндээ бол яс сийрэгжсэн үед ясны өвдөлтийг бууруулах гэж, хавдрын химийн эмчилгээний үед булчингийн нөхөн төлжилтийг сэргээх зорилгоор, Гэмтэл, түлэгдэлт, мэс заслын дараа өвчтөний жин огцом буурах үед, цус төлжилтийн хямрал, үрийн шингэн бага үүсэх буюу зарим бэлгийн сулралын үед, үсэрхийлэлтэй хөхний хорт хавдрын үед гэх мэт эрүүл мэндийн ноцтой нөхцөл байдлын үед эмчилгээний тунгаар хэрэглэх заалттай ажээ.
Харин уур уцаар ихэсч, ааш зан ширүүсэх, бэлгийн дур хүсэл хэт их төрөх,сэтгэл гутралд орох гаж нөлөөтэй юм байна. Ямартаа л маш олон амиа хорлолтууд анаболик стероидтой холбоотой байсан нь тогтоогдсон байдаг.
Л.Баяр
Сэтгэгдэл (18)