Залуусын сонсох дуртай дуучдын нэг, реппер Thunder (Б.Өлзий-Учрал) анхны бие даасан "Нэг л өдөр" нэртэй тоглолтоо хийх гэж буй. Ирэх сарын 9-ний өдөр нийслэлийн Төв цэнгэлдэх хүрээлэнд болох түүний тоглолтод Тоонот рекордсын уран бүтээлчдээс гадна Монголын өнөө цагийн шилдэг дуучид, репперүүд урилгаар оролцох аж. Тэгвэл тоглолтынхоо гэнэтийн бэлгийг өчигдөр задалсан нь Монголд анх удаа тэргэнцэртэй /тусгай хэрэгцээт/ иргэдэд зориулсан тусгай хэсэг гаргахаар болжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа,
"ГОЁ МЭДЭЭ есдүгээр сарын 9-ний тоглолт дээрээ
Хөгжлийн бэрхшээлтэй /тэргэнцэртэй/ иргэддээ зориулж хүндрэлгүй тоглолт үзэх хэсэг гаргахаар шийдлээ. Ер нь тоглолтуудад оролцож байхад тэргэнцэртэй иргэд босоо арга хэмжээнд оролцох хэцүү байдгийг ажигласан болохоор бид ярилцаад тусад нь ийм хэсэг бий болгохоор төлөвлөсөн юм. Тэргэнцэртэй иргэд маань харгалзах нэг хүний хамт тус тусын тасалбараа аваад орж үйлчлүүлнэ. Хамгаалагчид тэргэнцэртэй иргэдийг оочер дараалалгүй оруулах бөгөөд оочерлох үедээ та бүхэн ч бас хүндлээд урдуураа оруулаарай" хэмээн нийтэлжээ.
Ийнхүү зөвхөн асуудлыг олж хардаг биш шийдлийг ч мөн гаргаж чаддаг залуу үеийн төлөөлөл болсон реппер Б.Өлзий-Учралын тоглолт хип хоп урлаг сонирхогчдын дунд өндөр хүлээлттэй байна.