Испанийн Хатан хааны хөлбөмбөгийн холбооны (RFEF) ерөнхийлөгч Луис Рубиалес эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-д ялсан нутгийнхаа тамирчин, Испанийн шигшээ багийн од Женнифер Хермосогийн уруул дээр хүсээгүй үнсэлт хийсэндээ буруугаа хүлээж, олон нийтийн сүлжээгээр уучлал хүссэн мэдэгдэл хийв. Тэрбээр өөрийнхөө алдааг бүрэн хүлээн зөвшөөрсөн юм.
Рубиалес энэ үйл явдлын талаар өргөн шүүмжлэлд өртөж, улс төрчид болон сэтгүүлчид түүний зан авирыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, жигшүүртэй гэж дүгнээд байв.
Тэрбээр мэдэгдэлдээ "Тоглогч бид хоёрын хооронд тохиолдсон бүх зүйлд би харамсаж, гэм буруугаа хүлээж байна. Бид хоёрын хооронд жирийн хүмүүсийн хооронд байдаг шиг энгийн, сайхан харилцаа бий. Би алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Баярт мөчид юу ч бодолгүйгээр л уг үйлдлийг хийсэн. Өөр ямар нэгэн хар санаа байгаагүй. Дахин хэлье. Бид хоёрын хооронд ямар ч өөр харилцаа байхгүй. Надад гомдсон өөр хүмүүс байвал мөн л уучлал хүсье" гэжээ.
Рубиалес шигшээ тоглолтын дараа ФИФА-гийн шагнал гардуулах ёслолын тайзан дээр хөлбөмбөгийн дэлхийн удирдах байгууллагын ерөнхийлөгч Жанни Инфантино, Испанийн хатан хаан Летизия , Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе зэрэг бусад нэр хүндтэй хүмүүсийн хамт шагнал гардуулах үеэр уг үйлдэл болсон юм.
Дашрамд, энэ удаагийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ий аваргын төлөө Испани бүсгүйчүүд Английн багийг 1:0 харьцаатайгаар ялсан юм. Гуравдугаар байрын төлөө Шведийн шигшээ баг Австралийн шигшээ багийг ялав.
Л.Сайнаа