7 настай Канад охин манай улсад аялаж яваад нэхмэл тоглоомоо гээсэн гэх мэдээлэл явж байлаа. Нэхмэлчид яг ижилхэн бамбарууш нэхээд өгье гэсэн боловч орхисон тоглоомд нь эртэд одсон "аавынх нь үнэр" шингэсэн тул хамгийн үнэ цэнтэй хэмээн олж өгөхийг монголчуудаас хүссэн юм.
Тэгвэл охины Монголд аялахдаа гээсэн, хайртай тоглоомыг олоод Өмнөговь аймгийн Сэврэй сумын Засаг дарга Б.Батсайхан хүргэж ирэхээр Улаанбаатар хотыг зорин гарчээ.
Бид хэн нэгний тухай дурсамж тээсэн зүйлсийг амьдралдаа эрхэмлэн нандигнаж явдаг билээ. Хэн нэгний бүдэгхэн ч гэсэн үнэрийг нь, зэрэглээтээд байгаа ч дүр төрхийг нь харж, сэтгэл зүрхэндээ удаан гэгч тэврэн өөртөө үлдээхийг хүсдэггүй гэж үү.
Долоохон настай нялх үрийн ааваас нь үлдсэн үнэр, ааваас нь үлдсэн бүх зүйл, аав нь бол энэ "Нэхмэл бамбарууш" ч байж мэдэх юм.
Канадад суугаа бяцхан охинд бидний эх орон, монголчууд "аавынхаа тухай бодох бүрд нь дурсагддаг" гэгээн хүмүүс болж үлдэх нь ээ.