Наймдугаар сарын 11, 12-нд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг, “Их газрын чулуу”-ны уулнаа болсон "Уяхан замбуутивийн наран” урлагийн их наадмын урлаг соёлын үйл ажиллагаанд 3200 гаруй хүн оролцож, 41000 орчим хүн ирж сонирхжээ.
Тус аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд “Сэтгэшгүй оддын чуулган”, “Уяхан замбуутивийн наран” урлагийн их наадам, “Адууны өв соёл” зэрэг томоохон ажлуудыг брэнд болгон Цагаан суварга, Их, Бага газрын чулуу, Сүм хөх бүрд байгалийн үзэсгэлэнт газруудад зохион байгууллаа.
“Уяхан замбуутивийн наран” урлагийн хоёрдугаар их наадмыг Соёлын яам, Дундговь аймгийн ЗДТГ, Норовбанзад сан, 15 сумын ЗДТГ, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 1000 гаруй хүн арын албанд ажиллажээ.
Дундговь аймгийн 9 гайхамшгийн нэг “Их газрын чулуу” байгалийн үзэсгэлэнт цогцолбор газарт зохион байгуулсан урлагийн их наадмын үйл ажиллагааны хүрээнд тус цогцолбор газрын Задгай театрын тайзнаа "Нар нь нүүдэллэсэн тэнгэрийн аялгуу" нэгдсэн тоглолт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт, зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчдийн “Их хүндэтгэл”, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар, гавьяат жүжигчин, Чингис хаан одонт дуучин Г.Ариунбаатар, гавьяат жүжигчин, дуурийн дуучин Ө.Уянга, гавьяат жүжигчин, хийлч Ч.Дэлгэрцэцэг, СТА Л.Нарангэрэл, "Хар сарнай" хамтлаг, "Дэлхий" хамтлаг оролцсон “Тэнгэр газрын дуун” хүндэтгэлийн тоглолт, зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвын нэрэмжит ”Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын уран бүтээлч хүүхдүүдийн “Нарны хүүхдүүд” болон “Эрдэнэтийн хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчдийн “Эрт урьдын цагт” тоглолт болжээ.
Мөн тоглолтод Дундговь аймгийн уугуул, Ардын жүжигчин А.Дашпэлжээ, Ардын жүжигчин А.Нэргүй, гавьяат жүжигчин Ж.Дүнжмаа, гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг, гавьяат жүжигчин С.Цогтсайхан нарын уран бүтээлчдээс гадна аймгийн 15 сумын уран бүтээлчид, сайн дурын ажилтнууд оролцжээ.
Энэ үеэр мөн шагай хамах, алаг мэлхий өрөх, морь уралдуулах зэрэг өв соёлыг сурталчлах “Өв соёл” отог, адууны өв соёлыг сурталчлах “Айрагны амт”, бөх, морь, сур, шагайн харваа зэрэг “Үндэсний спорт наадгай-Өв соёл”, морин аялал болон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, ардын жүжигчин, зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын Гэрэлт хөшөөнд “Нар угтах ёслол”, “Нүүдлийн өв соёл, дөрвөн улирлын гэр музей бүхий “Нүүдлийн аялгуу”, монгол хоолны шоу, гэрэл зурагчин Э.Мөнхчулууны ”Талд ургасан чулуу” гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг олон талт үйл ажиллагаа болсон юм.
Их наадмын ажлын хэсгийн ахлагчаар аймгийн Засаг Даргын орлогч М.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Л.Доржбат нар, ерөнхий найруулагчаар Жанцанноровын Дамдинсүрэн, найруулагчаар аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын дарга Д.Доржсүрэн, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын дарга А.Ууганбаяр, тус театрын менежер Ч.Сансармаа, удирдаачаар хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбаяр, гавьяат жүжигчин, уртын дуучин Ж.Дүнжмаа нар ажиллажээ.
Ивээн тэтгэгчээр Монголросцветмет ТӨҮГ, Эрдэнэс силвэр ресурс ХХК, MCS Кока Кола ХХК, Юнител Групп, “Баттүшиг энд Цэлмүүн” сан, “Шижир” сан оролцсон байна.
Сэтгэгдэл (2)