2023 оны 7-р сарын 25-ны өдөр 80 дахь удаагийн Венецийн Олон Улсын Кино Наадмын захирал Алберто Барбера тус наадмын Оризонти уралдаант хэсэгт Монгол найруулагч Пүрэв-Очирын Лхагвадуламын “СЭР СЭР САЛХИ” (CITY OF WIND) бүрэн хэмжээний уран сайхны киног сонгож буйг дэлхий нийтэд зарласан билээ.
Дэлхийн А зэрэглэлийн кино наадмуудын нэгд зүй ёсоор тооцогддог Венецийн Олон Улсын Кино Наадамд анх удаа Монголын найруулагчийн бүтээл албан ёсны хөтөлбөрт сонгогдон, наадмын дээд шагнал болох “Алтан Арслан”-гийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон нь Монголын кино урлагийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх үйл явдал юм.
Онгод тэнгэрийн ивээл болон бүдэг бадаг ирээдүйн дунд өөрийгээ хайх 17 настай бөө хүү ЗЭ-ийн тухай өгүүлдэг “СЭР СЭР САЛХИ” (CITY OF WIND) уран сайхны кино нь залуу найруулагч Пүрэв-Очирын Лхагвадуламын анхны бүрэн хэмжээний кино бүтээл бөгөөд түүнийг Английн кино урлагийн мэргэжлийн нэр хүнтэй Screendaily сэтгүүл 2023 онд хамгийн их хүлээлттэй 18 залуу найруулагчийн нэгээр нэрлэсэн юм.
Мөн найруулагч П.Лхагвадулам нь “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киногоороо 2022 оны Венецийн ОУКН-ын шилдэг богино хэмжээний “Алтан Арслан” шагналыг хүртсэн анхны Монголын уран бүтээлч болж байв.
Тус киног Монголын Гуру Медиа, Францын Аврора Филмз, Португалын Uma Pedra nо Sapata, Голландын Volya Films, Германы 27 Films, Монголын Мобинетийн VOO компаниуд хамтран Монгол, Франц, Португал улсуудын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлийн тэтгэлэгүүд болон Берлин, Локарно, Доха, Роттердам ба Торино зэрэг олон улсын кино наадмын дэргэдэх сангууд болон Францын АРТЕ ТВ-ийн сувгийн дэмжлэгээр бүтээжээ.
Киноны зураг авалтыг 2022 оны 9-12 сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан ба зураг авалтанд Монгол, Франц, Португалийн нийт 80 гаруй уран бүтээлчид ажиллан, 200 гаруй гол ба туслах дүрүүд, олны хэсгийн жүжигчид, урлагийн сургуулийн оюутанууд оролцон тогложээ.