Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ-аас “НордАрт” -олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнтэй байгуулсан албан ёсны хамтын ажиллагааныхаа хүрээнд “MongolianArt” олон улсын уран баримлын симпозиумыг наймдугаар сарын 21 хүртэл Тэрэлжид байрших Гүрү Эко цогцолборт анх удаа зохион байгуулж байна. Симпозиумын үеэр туурвисан томоохон бүтээлээс бүрдсэн “Public Art-Urban Sculpture” үзэсгэлэнг наймдугаар сарын 24-өөс есдүгээр сарын 30-ны хооронд Хаан Банкны гадна талбай болон Хаан Галерейд дэлгэн үзүүлэх юм.
Уг арга хэмжээ нь 2024 онд тохиох Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, НордАрт - Монгол Улсын хамтын ажиллагааны 10 жилийн ойг угтсанаараа онцлог.
Энэ жилийн МонголианАрт уран баримлын симпозиумын үзэсгэлэнд Монгол, Герман, Итали, Испани, Болгарь, Эстони, Өмнөд Солонгос зэрэг долоон орны 9 уран бүтээлч оролцож байгаагаас симпозиумын үеэр зургаан уран барималч Монголын байгалийн боржин чулуу, ган, төмрөөр бүтээлүүдээ туурвиж, гурван уран бүтээлч нь бэлэн бүтээлээрээ оролцох юм.
Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа болон Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ нь ХБНГУ-д жил бүр зохион байгуулагддаг "НордАрт–Олон Улсын Дүрслэх Урлагийн Үзэсгэлэн"-д 2015 оноос хойш Монгол Улсын дөрвөн удаагийн бие даасан павильоныг амжилттай зохион байгуулж, нийт 120 уран бүтээлчийн 350 орчим бүтээлийг олон улсын 120,000 гаруй үзэгчид дэлгэн толилуулж, зөөлөн хүчний бодлогоор Монгол Улсаа сурталчилж иржээ.
НордАрт бол соёлын аялал жуулчлалын хүрээнд заавал очиж үзэх дэлхийн томоохон үзэсгэлэнгүүдийн эхний аравт зүй ёсоор багтдаг бөгөөд энэхүү салбар арга хэмжээг албан ёсны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсдаа зохион байгуулснаар улсынхаа нэр хүндийг өргөж, улмаар олон улсын уран бүтээлчдийг авчрах, Зүүн Өмнөд болон Төв Азийн урлаг сонирхогчдод уран бүтээлүүдийг хүргэх, жуулчдын урсгалыг Монголдоо татах суурийг тавих, олон талт соёлын солилцоонд оруулах зэрэг ач холбогдолтой юм.