XX зууны нөлөө бүхий зохиолчдын нэг, Америкийн яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч Хэнри Чарльз Буковски 1920 оны наймдугаар сарын 16-ны өдөр мэндэлжээ. "БОХИР РЕАЛИСТ"-ийг энэ өдөр дурсацгаая.
Түүний "Хүүхнүүд" болон "Шүлгүүд" номыг “Вoobooks creative team”-ээс эрхлэн хэвлүүлсэн билээ. Мөн “Шуудан хороо” зохиол нь монгол хэлнээ орчуулагдан, уншигчдийн хүртээл болсон билээ.
"ЦЭНХЭР ШУВУУ"
Хөндий чээжийг минь зад татан
Хүчирхэг жигүүрээ дэлгэхийг хүсэгч
Үзэсгэлэнт нэгэн цэнхэр шувуу
Өр зүрхний минь мухарт буй.
Харин би түүнд хэтэрхий хатуурхаж
Хамаг итгэлийг нь нугачин дараад
Наанаа байж бай, би чамайг
Наранд гаргаж харуулахгүй гэнэ.
Хөндий чээжийг минь зад татан
Хүчирхэг жигүүрээ дэлгэхийг хүсэгч
Үзэсгэлэнт нэгэн цэнхэр шувуу
Өр зүрхний минь мухарт буй.
Харин би түүний тэргүүн дээрээс
Хундага хундагаар нь виски цутган
Тамхины утааг араас нь угсруулж
Тархи толгойг нь манартал утна.
Завхай хүүхнүүд, уушийн газрын үйлчлэгчид
Замын дэлгүүрийн худалдагчид хүртэл
Зайлуул, түүнийг мэдэхгүй ээ.
Хөндий чээжийг минь зад татан
Хүчирхэг жигүүрээ дэлгэхийг хүсэгч
Үзэсгэлэнт нэгэн цэнхэр шувуу
Өр зүрхний минь мухарт буй.
Харин би түүнд хэтэрхий хатуурхаж
Доошоо суу, намайг баллах чинь дутаа юу
Дорвигүй ажлуудаас минь халуулчихаад
Хэдэн номын минь борлуултыг Европоор нэг
Хий хөөргөдөхийг хүсээ юу, чи? гэж загнана.
Хөндий чээжийг минь зад татан
Хүчирхэг жигүүрээ дэлгэхийг хүсэгч
Үзэсгэлэнт нэгэн цэнхэр шувуу
Өр зүрхний минь мухарт буй.
Гэвч би түүнээс ухаантай болохоор
Гэрэлгүй шөнөөр хаяахан гаргаж
"Дотор минь байгааг чинь мартаагүй ээ.
Дорой царайлахаа одоо боль" хэмээн
Амьтан хүний хурхиралдах чөлөөнөөр
Аргадаж тайтгаруулсан хэдэн үг хэлчихээд
Буцаагаад байранд нь хийчихнэ.
Өнөөх маань тэндээ жаахан жиргэх аядсанаа
Өрөвдмөөр царайлаад дуугаа хураачихна.
Үхүүлчихгүй шиг тэгсгээд байлгаад байхаа
Үнэндээ би сайн мэднэ. Тэгээд л,
Нууцхан гэрээгээ чанд сахиж
Нугдайгаад хоёул хамт нойрсоно.
Эр хүнийг уйлуулж дөнгөх шиг
Элдэвтэй таашаал үгүй биз.
Харамсалтай нь би уйлдаггүй юм аа.
Харин та яадаг вэ?
Орчуулсан: Б.Баясгалан
"Хүний харилцаа гэдэг их хачин зүйл шүү. Юу гэх гээд байна вэ гэхээр, хэсэг хугацааг чи нэг хүнтэй хамт өнгөрүүлнэ: хамт иднэ, хамт унтана, хамт амьдрана, хайрлана, ярилцана, ийш тийш хамтдаа явна, тэгтэл нэг л өдөр энэ бүхэн дуусгавар болно."
"Хүүхнүүд" роман
* * *
Хамаг бүгдийг үл тоон
халгиж цалгиж гарч ирэхгүй л бол
юу ч битгий бич.
Сэтгэл зүрх, оюун санаа,
уруул ам, өлөн гэдэснээс чинь
асууж шалгаалгүйгээр
урсаж гарахгүй л бол
битгий бич.
Хэдэн цагаар компьютерийн дэлгэцээ ширтэж,
эсвэл бичгийн машиныхаа урд
өөвийж өцийчихөөд
үг олдохгүй шаналж суудаг бол
битгий бич.
Мөнгө цаасны төлөө,
алдар нэрийн төлөө,
орондоо хүүхэн оруулахын төлөө
бичдэг бол
бүр ч битгий бич.
Суугаад л, суугаад л байдаг бол,
бичсэнээ ахин дахин буулгаад л байдаг бол,
үзэг цаас нийлүүлэхийг хүнд ажил гэж боддог бол,
өөр хэн нэгэнтэй адилхан байя гэж санасан бол
бичих тухай бүр мартаж үз.
Дотроосоо архирах дуу гарахыг хүлээж байгаа бол
тэвчээртэй бай,
өчнөөн хүлээгээд юу ч сонсогдохгүй бол
өөр юм хий.
Бичсэн юмаа эхлээд эхнэртээ,
эсвэл найз охин, найз залуудаа,
эсвэл эцэг эхдээ, ер хэнд ч хамаагүй
уншиж өгмөөр санагдаад байвал
чи бэлэн биш байна гэсэн үг.
Өчнөөн олон зохиолч шиг битгий бай,
өөрсдийгөө зохиолч гэж нэрийдсэн
өөр хэдэн мянган хүн шиг
унтаа, уйтгартай, хуурмаг битгий бай,
зөвхөн өөрийгөө гэсэн
өөдгүй хайранд битгий авт.
Ертөнцийн номын сангууд
та нар шиг нөхдөөс болж
эвшээсээр байгаад
үхэж байгааг сана,
түүнд нь битгий
нэмэр бол,
битгий тэг.
Зүрхний чинь угаас пуужин шиг харвахгүй бол,
зүгээр байх нь чамайг
галзууруулахгүй бол,
амиа егүүтгэх юм уу,
аллага үйлдмээр санагдтал
тэгж ихээр зовоохгүй бол,
дотор чинь ассан нар
чамайг шатаахгүй бол
юу ч битгий бич.
Цаг нь жинхэнээсээ ирэхээр,
цаанаасаа чи үнэхээр сонгогдсон бол
үгс чамаар бичигдэх болно,
тэгээд чамайг үхтэл, эсвэл
өөрсдөө үгүй болтолоо бичигдсээр байна.
Өөр зам байхгүй,
үргэлжид ийм л байсан юм.
Орчуулсан: Ганбатын Лхагвадулам
***
би шүлэг бичдэг, санаа зовдог, инээмсэглэдэг,
инээж хөөрдөг,
унтдаг,
бусад олон хүн шиг,
үнэндээ бүх л хүн шиг
хэсэгхэн зуур аж төрдөг.
бас заримдаа энэ дэлхийн бүх хүнийг
тэвэрч аваад
“энэ бүхнийг бидэнд тохсон бүх зүйлийг чөтгөр аваг,
бид хэдий амиа бодсон бэртэгчин хэдий ч,
бие биеэ,
бас өөрсдийгөө алж хороодог гэлээ ч
бид бүгдээрээ эр зоригтой, сайхан сэтгэлтэй шүү,
бид алж хөнөөх гэж, үхэж үрэгдэх гэж,
харанхуй өрөөнд уйлах гэж,
хайрлах гэж,
хүлээгээд л, хүлээгээд л,
хүлээгээд л байх гэж төрсөн хүмүүс шүү,
бид ердөө л хүн шүү дээ, хүн,
өөр юу ч биш” гэж
хэлмээр болдог.
***
Итгэхгүй байх л даа, гэхдээ
энэ амьдралыг
ямар ч зөрчил тэмцэл,
уур цухалгүй
туулдаг хүмүүс
байдаг юм.
тийм хүмүүс сайхан хувцаслаж,
сайн идэж,
ханатлаа унтаж,
гэр орныхоо амьдралд
цаг ямагт
сэтгэл хангалуун
явдаг юм.
уй гашууд автах үе бий ч
ихэнхдээ
өчүүхэн ч үймрэлгүй,
үргэлж баяртай
аж төрдөг юм.
амьсгал хураах нь хүртэл
амархан,
голдуу
унтаж байхдаа
үхдэг юм.
итгэхгүй байх л даа,
ийм хүмүүс
үнэхээр
байдаг юм.
гэвч би
тэдний нэг биш,
яавч биш.
бүр төстэй болж,
дунд нь орох
яагаа ч үгүй байна.
тэд
тэндээ,
би эндээ
нам
суунам.