Харилцаа холбооны стратегийн зөвлөгч BCW компанийн 30 улс орон дахь 36,000 хүнийг оролцуулсан нэгэн судалгаанд 1997-2012 оны хооронд төрсөн Z үеийнхэн “эрх мэдэл, амжилт, гедонизм, урамшил”-ыг бусад үеийнхэнтэйгээ харьцуулахад илүү дээгүүр үнэлж, өөрсдийн үнэт зүйлээ болгодог нь тогтоогджээ.
Тус судалгаа нь уг сэдвийн хүрээнд хийгдсэн томоохон ажлуудын нэгт тооцогдож байгаа бөгөөд 2022 оны арванхоёрдугаар сараас эхлэн 2023 оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилсэн байна.
Судалгааны агуулгаас тодруулбал, бумерийнхний 13 хувь, X үеийнхний 23 хувь, миллениалуудын 37 хувь харин Z үеийнхний 44 хувь нь өндөр амжилтад хүрч, тухайн амжилтыг нь бусад хүмүүс хүлээн зөвшөөрөхийг хүсдэг байна. Мөн Z үеийнхний 43 хувь өөрт таашаал өгөх зүйлс хийхийг илүүд үздэг бөгөөд хөгжилдөж болох бүхий л боломжийг алдахгүй байхыг хичээдэг байна. Тус үзүүлэлт нь миллениалуудад 38 хувь, X үеийнхэнд 27 хувь хүртлээ буурчээ. Цаашлаад чинээлэг амьдрах нь миллениалуудын 26 хувь, X үеийнхний 16 хувь, харин Z үеийнхний 32 хувьд чухал байр суурь эзэлдэг гэсэн хариу гарчээ.
Z үеийнхэн одоогийн байдлаар дэлхийн хүн амын гуравны нэгийг бүрдүүлж байгаа ба жилд дунджаар 100 тэрбум ам.долларын худалдан авалт хийх хүчин чадалтайд тооцогддог билээ.
Мөн тэд 2025 он гэхэд дэлхийн ажиллах хүчний 25 хувийг бүрдүүлснээр дэлхийн эдийн засгийн хөгжлийн жолоог атгаж эхлэх төлөвтэй байна.