Монгол Улсын 24 дэх аварга П.Бүрэнтөгсийн санаачлан, "Бидний бүрэн Монгол ТББ"-аас хэрэгжүүлж буй "Бүрэн Монгол гэр" төсөл 21 аймагт хэрэгжиж дуусахад хоёр аймаг үлджээ.
Улс даяар амжилттай хэрэгжиж байгаа энэхүү төслийн хаалтын үйл ажиллагаанд зориулан сумын заан, дуучин Ц.Баярсайхан бие даасан ковер тоглолтоо наймдугаар сарын 14-ний 19:00 цагт Өмнөговь аймгийн “Ёл театрт” толилуулах гэж байна.
Тус тоглолтод Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс урилгаар оролцон дуулах аж. 2022 оны долдугаар сараас эхлэн гэр гардуулах үйл ажиллагаа албан ёсоор Увс, Говь-Алтай, Архангай зэрэг 13 аймагт хэрэгжсэн бөгөөд энэ оны наймдугаар сарын 2-ноос Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Төв аймгуудад үргэлжлүүлэн гардуулсан билээ.
Тэгвэл энэ сарын 14-нд Дундговь аймаг, 15-нд Өмнөговь аймгийн өрхүүдэд гэр гардуулснаар уг төсөл 21 аймагт бүрэн хэрэгжиж дуусах юм.
Үндэсний өв уламжлалаа хамгаалах, нийгмийн эв нэгдлийг эрхэмлэж, сайн сайханд уриалан үлгэрлэх, амьдралын төлөө чин сэтгэлээр зүтгэн тэмүүлж байгаа айл өрхүүдийг дэмжиж, амьдрах таатай орчныг бүрдүүлэн итгэл найдвар, урам зоригоор түүчээлэх зорилготой "Бүрэн Монгол" төслийг монголчууд сайшаан дэмжиж, зөв хандлага, зорилго нэгтэй хүмүүсээр хүрээгээ тэлсээр байна.