БАРИМТ 1
Тарваган тахал нь XIV зуунд Европ тивийн нийт хүн амын 30-50 хувь буюу 75-200 сая хүний аминд хүрч байсан хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай тахлаар нэрлэгддэг “Хар тахал”-тай молекулын түвшинд адилхан бүтэцтэй тахал. Монголчууд тарваган тахал болон хар тахлыг хоёр өөр тахал хэмээн ихэнх тохиолдолд андуурдаг.
БАРИМТ 2
Түүхийн уртад хэдэн хүний аминд хүрсэн гэдэг нь тодорхойгүй ч тарваган тахал, хар тахал нь дэлхий дээрх хамгийн олон хүний аминд хүрсэн тахлаар албан ёсоор нэрлэгддэг.
БАРИМТ 3
Тарваган тахлыг үүсгэгч “Yersinia pestis” гэх нянг Монгол, АНУ-ын баруун бүс, БНХАУ-ын ихэвчлэн Өвөр Монголын бүс, Африк тивийн урд бүс болон баруун хойд хэсгийн улсууд, Төв Азийн улсууд болон Өмнөд Америк тивийн хэд хэдэн улсын багахан газар нутгуудаар тархан амьдардаг мэрэгч амьтад биедээ тээдэг.
БАРИМТ 4
“Yersinia pestis” бактерийг биедээ мэрэгчид өөрт нь, эсвэл бөөсөнд нь хазуулах аль эсвэл махыг нь идсэн тохиолдолд тарваган тахал амьтнаас хүнд, хүнээс хүнд агаар дуслын замаар халддаг. Улмаар хүний биед тахлын шинж тэмдгүүд 2-6 хоногийн дотор илэрдэг.
БАРИМТ 5
Хүний биед нэгэнт нэвтэрсэн тарваган тахлын нян хүнийг ойролцоогоор долоон өөр аргаар үхэлд хүргэх боломжтой. Үүний хамгийн түгээмэл арга нь хүний цусан дотор болон тунгалгийн булчирхай дотор үржиж дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг зогсоох юм.
БАРИМТ 6
Тахлын нян хүний биед нэвтэрсэн тохиолдолд цусаар дамжин тунгалгийн булчирхай руу очин үржиж эхэлдэг. Ийнхүү халдвар авсан тунгалгийн булчирхайн зангилаануудаар цус алдаж эд эсийг үхжүүлдэг. Эцэст нь эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж халдвар авсан хүнийг үхэлд хүргэдэг.
БАРИМТ 7
Тарваган тахлыг эрт оношилж эмчилж чадвал өвчтөний нас барах магадлал ойролцоогоор 10 хувь хүртэл буурдаг. Харин эмчилгээг оройтож эхлүүлбэл энэ тахлаар өвчилсөн хүний нас барах магадлал 90 хүртэл хувь.
БАРИМТ 8
Тарваган тахлаар өвдсөн тохиолдолд өвчтөнд эхэн үедээ даарч биед тавгүй мэдрэмж төрөх, 39 хэмээс өндөр халуурах, булчин татаж өвдөх гэх мэт ерөнхий шинж тэмдгүүд илэрдэг.
БАРИМТ 9
Харин тарваган тахал хүндэрсэн тохиолдолд хүний биеийн суга, цавь, хүзүү гэх хэсгүүдээр тунгалгийн булчирхай томрох, тухайн хэсгүүдээр өвдөх, хөл гарын хуруу, уруул болон хамрын үзүүр үхжиж харлах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг.
БАРИМТ 10
Өвчний шинж тэмдэг илэрсэн өвчтөнөөс цусны ийлдэсний сорьц аван лабарторид шинжилж тарваган тахал туссан эсэхийг тодорхойлдог. Тарваган тахал туссан тохиолдолд стрептомицин, гентамицин, доксициклин гэх антибиотикуудыг ашиглан эмчилдэг.
БАРИМТ 11
Хэдийгээр тарваган тахал өвчин анх мэрэгчээс хүнд халддаг боловч хүнд халдсаны дараа хүнээс хүнд амьсгалын замаар халдах чадвартай. Мөн уг бактери дулаан уур амьсгалтай үед тархах чадвартай байдаг тул тарваган тахлын тохиолдлууд жилийн зургаа, долоо болон наймдугаар саруудад ихэвчлэн бүртгэгддэг.
БАРИМТ 12
XIV зуунд тарваган тахал дэгдсэнээс шалтгаалж хот төлөвлөлт болон ариун цэврийн байгууламжуудыг шинэчилсэн ба харх болон мэрэгч амьтад тахал тараахаас сэргийлж хог хаягдлыг зайлуулах, суурин газруудад ариутгал хийх ажлуудыг тогтмол хийж эхэлсэн.
БАРИМТ 13
Үүнээс гадна уг тахалтай нүүр тулсны улмаас дэлхий дахины анагаахын шинжлэх ухаанд халдварт өвчин судлал, өвчнийг тархахаас сэргийлэх, өвчтэй хүмүүсийг тусгаарлан эмчлэх гэх мэт нийгмийн эрүүл мэндийн анхан шатны ойлголтууд нэвтэрсэн.
БАРИМТ 14
Манай эриний өмнөх 3800 жилд харьяалагдах хүний шүднээс “Yersinia pestis” гэх тарваган тахал үүсгэдэг нян илэрсэн нь эрдэмтдийг уг тахал одоогоос дор хаяж 5000 жилийн өмнө үүссэн гэх онолыг дэвшүүлэхэд хүргээд байна.
БАРИМТ 15
Тарваган тахлыг түүхийн уртад олон эзэнт гүрнүүд биологийн зэвсэг болгон ашигласаар ирсэн. Тухайлбал, Японы эзэн хааны арми дэлхийн хоёрдугаар дайны үед Хятадын армийн эсрэг тулалдах үедээ тарваган тахлыг дайсны бүс нутагт санаатайгаар тарааж байсан гэдгээ 1941 онд дайны гэмт хэргийн шүүх хурлын үеэр нэр бүхий цэргийн өндөр албан тушаалтнууд хүлээн зөвшөөрсөн байдаг.
БАРИМТ 16
Тарваган тахлыг дундад Азиас анх харханд тээгдэж тив хоорондын худалдааны замаар дамжин Европ тивд ирсэн хэмээн үздэг. Иймээс худалдаа наймаа хийдэг зарим замыг “тахал”-тай хэмээн хааснаар өөр олон гарцыг нээсэн. Ингэснээр худалдааны салбарт огцом ахиц дэвшил гарсан.
БАРИМТ 17
Тарваган тахал хүний аминд хүрэхээс гадна ан амьтдын тоо толгойг мэдэгдэхүйц хэмжээгээр багасгаж экологид сөрөг нөлөө үзүүлдэг. Нян тээгч мэрэгч амьтад олноороо үхсэнээр махчин амьтдын хоол хүнс огцом багасаж байгалийн тэнцвэрийг алдагдуулдаг байна.
БАРИМТ 18
Тарваган тахлын тохиолдол эрс багассан нь XIV зуунд уг тахлаар өвдөж амьд гарсан хүмүүс тахлын эсрэг дархлаатай болсонтой, бас эмчлэх аргуудыг, урьдчилан сэргийлэх аргуудыг нээсэнтэй холбоотой.
БАРИМТ 19
Тарваган тахал нь урлаг, уран зохиол, соёлын илэрхийлэлд XIV зуунаас хойш давтагдан багтсаар ирсэн сэдэв бөгөөд үргэлж хүмүүсийн зовлонг, нийгмийн хар бараан сэдвүүдтэй уялдан холбогддог.
БАРИМТ 20
Одоогийн байдлаар тарваган тахлын эсрэг ямар нэгэн албан ёсны вакцин байхгүй хэдий ч эрдэмтэд өндөр эрсдэлтэй бүлэгт хамаарагддаг хэд хэдэн төрлийн вакциныг боловсруулсан.
БАРИМТ 21
Тарваган тахлын тохиолдол XIV зуунаас хойш эрс багассан ч Монгол оронд жил бүр шахам бүртгэгдсээр байна. Уг тахал эрүүл мэндийн салбар өндөр түвшинд хөгжиж амжаагүй Африк тивийн ядуу буурай орнуудад ихээхэн хэмжээний хохирол учруулдаг.
БАРИМТ 22
Ойрын хугацаанд бүртгэгдсэн тарваган тахлын тохиолдлуудаас дурдвал 2017 онд Мадагаскар улсад тарваган тахал нэгдэж нийт 2,300 хүн халдвар авснаас 200 хүн нас барсан. Уг үйл явдлаас болж Мадагаскар улсын засгийн газрын зүгээс улсынхаа хилийг хааж аялал жуулчлалыг хязгаарлан эрүүл мэндийн томоохон кампанит ажлуудыг зохион байгуулсан.
БАРИМТ 23
2019, 2020, 2021 онуудад манай урд хөрш болох БНХАУ-д тарваган тахлын тохиолдол бүртгэгдэж байсан ба эдгээр тохиолдлууд нь бүгд тарвага агнаж идсэн өвөр монголчууд байжээ. Улмаар БНХАУ тухайн бүс нутгийн хилийг хааж өвчний тархцыг таслан зогсоож байжээ.
БАРИМТ 24
Дэлхийн ихэнх бүс нутагт харх, жирх, туулай, хэрэм гэх мэт мэрэгч амьтдад хазуулснаас болж хүмүүс тарваган тахал тусдаг бол зөвхөн монголчууд болон БНХАУ дахь өвөр монголчууд тарвага агнаж идсэнээс болж уг өвчнийг тусдаг байна.
Сэтгэгдэл (1)