НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж буй “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023” Хүй долоо худагт болж байна. Энэ үеэр бид Улсын залуу начин Ө.Батзултай хором ярилцлаа.
-Даншиг наадамдаа сайхан наадаж байна уу та?
-Сайхан наадаж байна. Даншиг наадмаа үзэж суугаа Монголын ард түмэндээ баяр наадмын мэнд дэвшүүлье. Сайхан наадацгаагаарай.
-Та өнөөдөр ямар төрөлд барилдах гэж байна?
-Энэ удаагийн наадмын барилдааны онцлог нь Өвөр Монгол, Буриад, Монгол үндэсний бөх гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдаж байгаа юм байна. Өмнө нь төв цэнгэлдэх хүрээлэнд болоход Буриад бөхийн барилдаан болж байсан. Энэ жил хоёр дахь удаагаа энэ төрлөөр барилдаан болох гэж байгаа юм байна. Миний хувьд Үндэсний бөх, Буриад бөхийн төрөлд барилдахаар бүртгүүлсэн.
-Хоёр төрөлд зэрэг барилдаж болно гэсэн үг үү?
-Журамдаа бол Үндэсний бөхийн цолтой бөхчүүд нь Буриад бөхийн төрөлд зодоглох бол Үндэсний бөхөөр барилдах ёсгүй юм байна лээ. Гэхдээ энэ жил олон сайхан наадмууд болж, бөхчүүд хэдэн тийш тараад явчихсан учир бөхчүүд маань хоёр төрөлд бүртгүүлсэн.
-Энэ жилийн Улсын баяр наадам таны хувьд?
-Шинэ гарди, арслан, харцагууд мэндэлсэн сайхан наадам боллоо. Миний хувьд доор даваанд унасан. Гэвч миний зааж, зөвлөж явдаг дүү Г.Ганхуяг маань Улсын харцага цолтон болж, магнай тэнийлгэлээ. Өөрөө цол ахиулсан юм шиг л баярлаж байгаа.
-Их спортоороо бэлтгэл сургуулилт хийж байна уу?
-Их спорт, Үндэсний бөхийг хослуулж бэлтгэл хийгээд чамгүй хугацаа өнгөрсөн байна. Одоо голдуу Үндэсний бөхөө дагнах сонирхолтой байгаа.
-Их спортоор ойрхноо олон улсын тэмцээн уралдаан байгаа юу?
-Ирэх есдүгээр сарын эхээр Монгол улсын баг тамирчид Сербийн нийслэл Белград хотыг зорихоор бэлтгэлээ хийж байна. Миний хувьд энэ удаагийн ДАШТ-ыг өнжөөд залуучууддаа зөвлөөд л байж байна.
-Их спортоо бүр мөсөн орхиж байж Үндэсний бөхөөр амжилт гаргана гэж зарим хүмүүс ярих юм. Таны бодол?
-Хослуулж барилдахад муу юм байхгүй л дээ. Монгол улсын заан М.Лхагвагэрэл, харцага Г.Ганхуяг дүү нар маань байна. Хүнд жингийн тамирчид л үндэсний бөхөөр амжилт үзүүлнэ. Буруу юм гэж байхгүй. Тэртээ тэргүй их спортын нас залуу шүү дээ.
-Таны хувьд Даншиг наадмын бөхийн барилдаан хэр чанга санагдаж байна?
-Мэдээж сугалаагаар өрсөлддөг учир чанга байлгүй яах вэ. Гэхдээ бөхчүүд маань олон тийш явсан учир зарим том бөхчүүд байхгүй байх шиг байна.
-Бөх хүнд хүрчихвэл гэж мөрөөсөж явдаг цол бий шүү дээ. Таны хувьд энэ нь ямар цол вэ?
-Төрийнхөө баяр наадамд долоо давж, сайхан заан цолонд хүрчих юм сан гэж бодож явдаг. Бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байтал болох байлгүй дээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)