НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж буй “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023” Хүй долоо худагт болж байна. Наадмын эхний өдөр бид өнөө жилийн Улсын баяр цэнгэл наадамд ес даван түрүүлсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын шинэ арслан Мягмарын Бадарчтай ярилцлаа.
-Та өмнө нь “Улсын наадамд түрүүлэх зорилготой байгаа” гэж хэлж байсан шүү дээ. Зорилго тань биелчихлээ. Одоо дараагийн том зорилго тань юу вэ?
-Хүн зорилгоо тод тавих хэрэгтэй. Болдог сон бол Улсын баяр наадамдаа нэг биш нэлээн хэд түрүүлчихмээр байна шүү. Одоо цаашаа аварга цолны төлөө дайралт хийнэ шүү дээ.
-Хэд түрүүлэх баримжаа харагдаж байна?
-Олон л түрүүлчихмээр байна.
-Дархан аварга болохыг зорьж байгаа гэж ойлгож болох уу?
-Тийм. Дархан аварга болчихъё л гэж бодож байна даа.
-Даншиг наадмыг Улсын баяр наадамтай харьцуулахад таны хувьд юу бодогддог вэ?
-Даншиг наадмын сугалаагаар барилддаг учир хоёр сайн хүн нэгийн даваанд таарчих тохиолдол байдаг юм. Чансаа өндөр сайхан барилдаан гэж харж байгаа.
-Сугалаагаар барилдаж түрүү бөх нь тодордог шүү дээ. Тэгэхээр Улсын баяр наадмаас чансаагаар илүү гэж та хэлэх үү?
-Үгүй дээ. Улсын баяр наадмаас чансаа өндөр барилдаан гэж юу байх вэ.
-Даншиг наадмын цолыг Улсын баяр наадмын цолноос тусад авч үздэг. Энэ талаар таны бодол?
-Ардын хувьсгалаас өмнөх аваргууд бүгд Даншгийн цолтой. Тийм болохоор ёс уламжлалаа дагаад л ийм журам тогтсон биз. Яах вэ, бурхан шашны гэдэг утгаараа л цол олгодог байх.
-Даншгийн цол, улсын наадмын цол хоёрын аль нь илүү чансаатай бол. Сугалж барилдаад түрүүлсэн нь үү, амлаж, амлуулж барилдаад түрүүлсэн нь үү?
-Мэдээж Улсын баяр наадмын цол илүү байлгүй яах вэ. Ардын цэнгэл баяр наадамд төр түмний өгсөн цол нь илүү шүү дээ.
-Удахгүй таны Арслан цолны мялаалга наадам болох гэж байгаа гэж дууллаа?
-Тийм ээ. Миний төрөлх нутаг Архангай аймгийн Цэнхэр суманд наймдугаар сарын 11-нд болно. Монголынхоо ард түмнийг урьж байна. Хүрэлцэн ирээрэй. Бас бүгдээрээ сайхан наадаарай.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (9)