Аав ээж нь нэг настайд нь тус тусын замыг хөөжээ. Ингээд О.Пүрэв зургаан нас хүрмэгцээ л Төв аймгаас хотод ирж арван настайгаасаа хойш "Нарантуул" олон улсын худалдааны төв дээр жижиг сажиг зүйлс зарах, нүүрс түүх, өндөг зарах, цай хоол худалдаалах зэргээр түүнд хийж үзээгүй ажил гэж үгүй. Тэр айлын том. Доороо гурван охин дүүтэй учир хар багаасаа амьдрахын төлөө зүтгэсэн хэрэг. Ийм нэгэн сайн хүн тэнгэрийн оронд дэвшин амьдрахаар боллоо. Гүнээ харамсал төрнө.
Тэрбээр 2004 оноос эхлэн чөлөөт бөхөөр хичээллэж, 2007 оноос хойш тасралтгүй холимог тулаанаар хичээллэн, холимог тулааны дэлхийн аварга тамирчин Ж.Нарантунгалаг багшийн шавь болсон гэдэг. Багшынхаа жижиг хувилбар гэлтэй харагддаг сан. Тулаандаа ялчихаад уйлахад нь сэтгэл дагаад огшчихдог байж билээ.
О.Пүрэв эхнэртэйгээ таван жилийн 2016 онд танилцаж байв. Тэрбээр “Намайг ямар ч үед хос багана шиг тулаад зогсох ханьтай” хэмээн олзуурхан магтдаг байлаа. Түүний эхнэрийг Н.Мөнхтуяа гэдэг. Магадгүй түүний амжилтын ард итгэл, түшиг нь байж дээ энэ бүсгүй.
Тэрбээр 2012 онд тулааны замналаа эхлүүлж, анхны тулаандаа ялагдсан. Харин түүнээс хойш 11 жилийн хугацаанд нэг ч ялагдал амсаагүй байв. Энэ хугацаанд О.Пүрэв “Сонсогчийн алдар”-ын 55 кг, Монгол зо-тулааны 65 кг, 2008 оны аваргын бүсний эзэн. Мөн 2014 онд зохиогдсон Монголын UFC MGL-1-ын 57 кг-ын аварга юм. Түүнчлэн "One championship" холбооны гурван ч тулааны "ялагч" нь байлаа. Монголын ард түмэн түүнийг "Ардын хүү Пүрэв" хэмээн хочилдог. Түүний үзэмж нь ч, сэтгэл зүрх нь ч МОНГОЛ байлаа.
Тэр сүүлийн 11 жилд холимог тулаанаар нэг ч ялагдаагүй. Энэ тухайгаа О.Пүрэв "Би нэг ч ялагдаагүй явж байгаа. Надад түүх болон үлдэх боломж байна. Магадгүй UFC-гийн Хабиб шиг 29:0 гэсэн амжилтаар замналаа дуусгахыг хүсдэг" хэмээн ярьж байлаа. Гэвч тулаандаа нэг ч ялагдаж үзээгүй түүнийг үхэл л ялж чадлаа. Түүнийг амьдралын хатуу, хөтүү ч дийлээгүй юм.
Эхнэр, хоёр хүүхэд нь бүлтийгээд л үлдэж байгаа гэхээс хоолой зангирна. Хэдийгээр түүний бие хорвоод нойрсож, сүнс нь тэнгэр өөд явсан ч Монголын ард түмэн түүнийг дурсамж, сэтгэлдээ хэзээ ч үхүүлэхгүй санаж явна гэдгийг л итгэл дүүрэн хэлнэ. Амгалан нойрс доо "Ардын хүү" минь...
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)