Аливаа уран бүтээлчийн дотоод бодол, бясалгал түүний уран бүтээлээр дамжин бидний сэтгэлд хүрдэг билээ.
Хананд өлгөөтэй сакура цэцэгс, нүүж буй үүлс, сар, далайн давалгаа шиг "цаг хугацаа" ч мөн адил бидний дурсамжид зураг болон үлдэнэ.
Ямар ч муу муухай, сайхан нь ч бас цаг хугацаатай хамт өнгөрөн одно.
Ийм болохоор амьдрал утга учиртай. Хэрэв уйтгар гуниг эсвэл баяр жаргалтай хором мөчтэйгээ л үүрд зэрэгцэн амьдардаг байсан бол яасан амтгүй, гөлгөр орчлонг туулах байсан бол.
Урсан одсон хором мөчтэй эвлэрч, урсан одсон хором мөчөөс илбэ шид шиг сайн сайхныг нээх билээ.
Байгаль гэдэг цаг хугацааны төрхийг харж болох хамгийн тунгалаг орон зай мэт. Түүнийг гэрэл зурагчин Казз Моришитагийн бүтээлүүдээс тольдож болох юм. Мянган жил ургасан "Сакура цэцгийн мод" орчлонд юу ч болоогүй юм шиг дахин нахиалсаар байгааг, орчлонгийн түмэн явдлаас огтхон ч залхаагүй юм шиг саран хавиргалан хийсэж, бүтэн болохоор өдөр бүр мандаж буйг, уулсаасаа үүлс уйдаа нь үгүйг харж байна.
Бүх зүйл ээлжлэн улирсаар атал үгүйрэн одоогүй л. Хүмүүс ч гэсэн хэзээ нэг өдөр "амьдрал" хэчнээн өгөөмөр болохыг мэдэрнэ.
Уран бүтээлчийн зургууд сэтгэлд хурсан нэл хөх усан мананг нэвтлэн гарах шиг, тэр усан мананг далай шиг оршоох шиг сэтгэгдэл төрүүлсэн юм.
Тэрбээр өөрийн уран бүтээлийн талаар, "Би Монголд анх өнгөрсөн жилийн есдүгээр сард ирсэн. Ирэх зорилго, төлөвлөгөө гэж байгаагүй. Монгол улсад японд харагддаггүй цэвэр ариун зүйлүүд маш их байсан болохоор энд үзэсгэлэнгээ гаргасан. Ирсэндээ үнэхээр баяртай байна. Гэсэн ч цаг хугацаа өнгөрнө гэдэг нь өчигдрийн бороо арилж, өнөөдөр тэнгэр цэлмэж байгаатай адил сайхан цаг ирнэ гэх санаа. Өнөөдрийн бүх зүйл маргааш гэхэд урсан одно. Муу муухай зүйлс ч урсан алга болно.
Хамгийн сүүлд авсан бүтээл маань мянган жилийн настай сакура цэцгийн мод. Бүгдээрээ хичээвэл, түүн шиг мянган жил цэцэглэж чадна. Би байгалийн зураг авах дуртай. Байгалийн зургаар дамжуулан хүн ч мөн түүний адил хувиран өөрчлөгддөг гэдгийг харуулахыг хичээсэн. Зураг дээрээ өөрийн харсан өнцгөө шигтгэн янзалж, бусдад ч бас тэр зүйлсийг үзүүлэхийг хүсдэг. Миний зургаар дамжуулан энэ дэлхийн хүмүүс эв найрамдалтай байгаасай гэж хүсэж явдаг" гэсэн юм.
Түүний “Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрч байна...” үзэсгэлэн Монгол арт галерейд долдугаар сарыг хаасан юм. 30 гаруй уран бүтээл "цаг хугацаа өнгөрнө бас ирнэ, дахиад л өнгөрнө" гэх ээлжлэн солигдож буй агшин мэт.
М.Дэвээ