Өнөө жил ууган таван аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож буй. Тэдгээрийн нэг нь одоогийн хэнтий аймаг буюу хуучнаар Хан Хэнтий уулын аймаг билээ. Гэвч тус наадам анхнаасаа л маргаан дагуулж, бөх, морь, сур гээд л бүхий л зүйл дээр булхайцсанд олон нийт бухимдангуй хандаж байгаа. Тэгвэл бид та бүхэнд Эзэн Чингисийн нутгийнхан "Эрийн гурван наадам" хийж чаддаггүйг батлах 10 баримтыг онцолж байна.
Баримт 1
Тус наадмын нээлтэнд үг хэлсэн Хэнтий аймгийн Батноров сумын уугуул эрхэм төрийн түшээ, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Тулгар төр байгуулагдсаны 232 жил" гэж бүхэл тоог андуурч хэлэв. Бүхэл бүтэн хоёр мянганыг гээж хэлсэнд хэлийг нь л буруутгахаас биш дээ. Төрийн томчуулын үг хэл түмний чихэнд ойрхон байдгийн учир алдаж хэлсэн үгээ засах л учиртай байж дээ.
Баримт 2
Тус наадамд Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, Гарди Ө.Бат-орших, Ц.Бямба-отгон тэргүүтэй 256 бөх уран хүчийг уралдуулав. Бөхийн барилдааны гурвын даваанд өнөө жилийн Улсын баяр наадмын үзүүр бөх Улсын гарди Ц.Бямба-Отгон Хэнтий аймгийн Бор-Өндөр Сумын заан Р.Алтаннаран хутгуулж, тахимдуулсан ч давсан. Нүдний хараа гүйцээгүй хүнд ойрхон газар туссан. Гэвч удаашруулсан бичлэгээс яалт ч үгүй сумын зааны тохой түрүүлж хүрсэн харагдав. Гэвч хөлийн цэцүүд нь нутгийнхаа бөхөд давааг өгч олны уурыг төрүүлэв.
Баримт 3
Их насны уралдаанд олон будилаан болов. Тэдгээрийн нэг нь Тод манлай уяач Л.Батмөнхийн Их хурд уралдаанд түрүүлсэн бор морийг морьд эргэснээс хойш барин үлдэж, замын талд орсных нь дараа араас нь тавьсан гэх дуулиан юм. Энэ талаар морины эзэн "Төрийн наадам болохоос төрлийн наадам биш шүү" хэмээн бухимдангуй байсан аж.
Баримт 4
Их насны уралдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлсэн. Гэвч хурдан морины комисс ямар ч шалтгаангүй хассан юм. Түрүү морины бай өндөр байв. Аман хүзүүнд хурдалсан морь нь тус аймгийн хорих ангийн даргын нэр уралдсан. Зургаад хурдалсан нь мөн л тус нутгийн морь байжээ. Тэгэхээр ойлгомжтой булхай гэж харагдсан.
Баримт 5
Сур харваан дээр бас асуудал үүсэв. Өсвөрийн харваачдын наадамд 28-аас 26 оносон охиныг түрүүллээ гэж хэлээд явуулсны дараа дахин найман сум тавиулж, шагналт байраас хассан гэдэг асуудал дэгдсэн. Үүн дээр Хэнтийн сурын холбоо ташаа мэдээлэл, охиныг 3-4 удаа дуудсан ч ирээгүй хэмээн тайлбар өгч байсан.
Баримт 6
Хэнтий аймгийн хурдан морины салбар хороо хээр морь 145 см-тэй тул сэрвээний хэмжилтэн дээр хасагдаж, бусад морьдын хамт хашсан байсныг хүч түрэн гаргаж уралдуулсан байна. Иймд тухайн үйл явдалтай холбоотой баримт, материалууд болон хасагдсан морийг уралдаанд оруулсан, энэ явдалд гар бие оролцсон бүх хүмүүсийг хууль хяналтын байгууллагад шалгуулж байна.
Хэмжилтээрээ хасагдсан морь түрүүлсэн тул морины комиссын шийдвэрээр хасаж, дараагийн морийг түрүүлснээр тооцон цоллосон болно. Гэсэн хэдий ч нэр бүхий хүмүүс наадмыг зохион байгуулагчдыг будилуулсан мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ташаа мэдээлэл тарааж, дүрэм журмаа баримтлан ажилласан албан хаагчид, энгийн ард иргэд, аймаг орон нутгийн нэр хүндэд халдсаар байгаад харамсаж байна. Наадамчин олон та бүхэн бодит нөхцөл байдалтай танилцаж, мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг хүсье.
Энэ мэт байр суурь, шийдвэрийг наадамчид болон хээр морины эзний хүсэлтээр бол тухайн үед гаргаж өгөхийг шаардсан ч салбар хороо тэр даруйд мэдэгдэл, тайлбар хийгээгүй. Харин дараа өдөр нь хашсан морийг цагдаагийн газрын нэр бүхий албан тушаалтан хүч түрэн гаргасан гэх доорх мэдэгдлийг хийсэн. Эх сурвалж: Эгүүр.мн
Баримт 7
Хэтэрхий чамин наадам байлаа. Хүмүүс "Бид Хэнтийг биш улсаа хөгжүүлэх гэж татвар төлдөг" хэмээн шүүмжилсэн. Үнэндээ нов ногоон зүлэгтэй, бүтээн байгуулалт бусад аймгуудаас хамаагүй илүү байгаа. Учир нь төрийн өндөрлөгүүдийн төрсөн нутаг хойно аргагүй биз. Олон нийтийн шүүмжлэлээс тэд айдаггүй бололтой. Данхар төсөвтэй дарга нарын нутгийн ой ийм л байлаа.
Баримт 8
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нутгийнха түүхт ойгоор Үндэсний бөхийн замналаа өндөрлүүлж, зодог тайлав. Гэвч тэнд нэг алдаа байлаа. Учир нь зодог тайлж буй бөх унадаг жамтай. Гэвч хүндэт аварга маань санамсаргүй давж харагдсан. Зохион байгуулагчид учраа бөхөд нь учир жанцанг нь тайлбарлаж өгөх ёстой байсан гэж дүгнэж байгаа. Ямартай унасан бөх туг тойроод давсан аварга маань зодгоо тайлсан.
Баримт 9
Хэнтийн нутгийн түүхт ойд Дундговь аймгийн уугуул, УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү хөрөнгө цацсан гэх мэдээлэл тарав. Тэрбээр энэ жилийн баяр наадмаар Хан Хэнтий аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд түрүүлсэн Их нас, Азарга, Соёолон насны морьдын уралдаан түрүүлсэн морьдыг "Nissan Patrol Y62" маркийн гурван автомашинаар байлсан байлсан гэнэ. Магад дарга нарын нутагт өргөл барьцаа өгч байгаа учир нь сонгуулиар нэр дэвших гэсэн бодлоос нь ундраа биз.
Баримт 10
Эзэн хааны нэр барьж аархдаг атлаа "Эрийн гурван наадам"-аа аятайхан зохион байгуулчихаж чаддаггүй дарга нартай ажээ Хэнтийнхэн. Энэ нийтлэлээрээ бид Хэнтий нутгийн ард түмнийг харлуулах гэсэнгүй. Харин хаа газрын наадамд түрүүлж, айрагдсан хурдан буянг хасдаг, сайхан бөхийн урмыг хугалдаг, бяцхан охины нулимсыг үзсэн гэдгийг нь жилийн жилд мартахааргүй боллоо. Эзэн хааны өлгий нутгийн зон олон наадам зохион байгуулагчдын алдааг ойлгож, ирэх жилийнхээ наадмыг өргөн дэлгэр, сайхан тэмдэглэнэ гэдэгт итгэлтэй байна.
Л.Сая
Сэтгэгдэл (14)