Ууган таван аймаг ойн баяраа тэмдэглэнхэн, улс амьтан хотоос дайжинхан байх ахуйд энэхүү нийтлэлийг "Ямааны мах халуун дээрээ" гэдэг хууч үгтэй дүйн эхлүүлж байна. Товчхондоо Завханы наадам замбараатай, Архангайн наадам аархуу, Хэнтийн наадам хэрүүлтэй, Төв аймгийн наадам түйвээнтэй болж өнгөрлөө. Одоо Говь-Алтайхан минь л "гойд" сайхан наадаасай.
Эндээс Төв аймгийн баяр наадмын бөхийн барилдааны тухай өчүүхэн дүгнэлт хүүрнэе.
Улсын Дархан аварга, "Зургаан залуу заан"-ы нүүр царай, УИХ-ын гишүүн асан Агваансамдангийн Сүхбатаар манлайлуулсан 256 бөх Төв нутгийн түүхт 100 жилийн ойдоо зодоглов. Сэлэнгэ нутгийн залуу арслан Б.Орхонбаяр барууны магнайд цолоо дуудуулсан нь хамаг том бөхчүүд бай шагнал өндөртэй Хэнтийн ойг зорьсон үед сонирхолтой үйл явдал байлаа. Дархан аварга А.Сүхбат гурвын даваанд жүдогийн мастер Д.Төмөрхүлэгийг гарын аясаар гудчин татаж давав. Түүний хувьд яг эд үеийнх шигээ хурдан шуурхай барилдаан үзүүлсээр дөрөв давж, тавын даваанд өөрийн шавь Аймгийн арслан П.Эрхэмжаргалд өвдөг шороодлоо. Зургаагийн даваанд Улсын шинэ начин Э.Ууганбаяр, Улсын начин Д.Хүдэрбулгатай тунав. Угаас хоёр бөхийн давсан нь наадмын үзүүр түрүүнд үлдэх нь тодорхой байсан гэж хэлж болно. Манлайлагч Б.Орхонбаяр гар хөнгөн даваа авав. Зүүнийг магнайлж үлдсэн хашир заан Б.Батмөнх П.Эрхэмжаргалыгаа хаячихав. харьж яваа хүчтэнг хүмүүс дүү нартаа өгчихнө гэж харсан ч тэр энэ өдөр шударга байхыг илүүд үзсэн нь илт.
Долоогийн даваанд Улсын залуу арслан Б.Орхонбаяр Улсын заан Б.Батмөнхийг амлаж, олныг гайхуулав. Саяхан болсон Улсын баяр наадмын тавын даваанд амлаж хаясан учир гар амар давах гэж тэр байх мэтээр хүмүүс шивэр авир хийнэ. Тунаж үлдсэн нь нутгийнхаа нэрийг зүлэг ногоон дэвжээнээ тахалж яваа өнөөх Д.Хүдэрбулга, Г.Ганжад начингууд. Д.Хүдэрбулга начин хөл авч, тахимдаад л хаячихав. Нөгөө талд залуу арслан хашир зааныг хөөж элдээд л цэнгэлдэх шуугиулна. Төдөлгүй Б.Батмөнх заан тэртээ жилийн наадмаар заан цолонд хүрэхдээ Улсын аварга Ч.Санжаадамбыг хаядаг шигээ гайхам сайхан хавирч, гуядав. Улсын наадмаар унасан хариугаа урамтай сайхан авсан нь энэ байлаа. Нутгийнх нь түмэн олон шуугин баясаж байлаа.
За энэ хүртэл сайхан л барилдаанууд болов. Бөхчүүд ч харгүй сайхан барилдацгаасан. Харин үзүүр түрүүний барилдаан үзэхэд одоо ч "эвгүй" санагдана. Учир нь Б.Батмөнх зааны үйлдэл олны дургүйцлийг хүргэхээр байв. Харгүй сайхан барилдаж давсан начин дүүгээ атгасан муна гараараа шанаадах шахуу тахим буулгаж, хөөрхий өвгөн засуулаа хөндлөн гулд мөргөн алдаж, зүлэг ногоон дэвжээгээ шааж аван уураа гаргаж байгаа харагдсан.
Заан Хүдэрбулга дүүгээ 2020 оны наадмаар начин цолонд хүргэсэн гэдэг. Гэлээ гээд унаж өгсөнгүй гэж л уурлаж байгаа бололтой. Улсын цол алхуулсан гээд унаж өгөх албатай ч биш, уугуул нутгийн 100 жилийн ойд ганц л түрүүлэх тохиол байдаг юм. Яадаг юм гэж Хүдэрээ начинг өмөөрмөөр санагдлаа. Олны ам зааны талд байх шиг санагдлаа, онцгойлж начинг л өмөөрөхгүй бол аз нь унах вий гэж бодлоо. Заан байлаа гээд начны дайтай дүүлэхгүй шүү Батмөнх заан аа... Дэмжүүлсэн, дэмжүүлээгүй Хүдрээ начин дэнжийн гоёхон наадамдаа дээд цолонд хүрчхэж чадна. Хүмүүс ээ, бөхчүүдээс шударга байхыг шаарддаг мөртлөө шударга барилдсаных нь төлөө "Ахдаа өгчихөд яах вэ дээ" гэж начинг адлаад байгаагийн учир юу вэ?
Л.Сайнаа
Сэтгэгдэл (18)