Дэлхийн оюутны спортын XXXI "Универсиад" наадам 7 дугаар сарын 28-нд БНХАУ-ын Чэндү хотод нээлтээ хийлээ.
2021 онд зохион байгуулагдах байсан тус наадам нь коронавирусний цар тахлын улмаас 2 удаа хойшлогдон ийнхүү албан ёсоор эхэлсэн юм. Дэлхийн 150 орны оюутан залуус спортын 18 төрөлд 269 багц медалийн төлөө наймдугаар сарын 8-ныг хүртэл өрсөлдөнө.
Монголын оюутан тамирчид Чэндүгийн наадамд байт харваа, буудлага, жүдо, сагсан бөмбөг (эрэгтэй), таеквондо, теннис, туялзуур сэлэм, усанд сэлэлт, ширээний теннис гэсэн 9 спортын төрөлд 80 тамирчин өрсөлдөхөөр болсон. Нээлтийн ёслолд Монголын багийг тугийг улсын арслан Д.Ганхуягийн хүү сагсан бөмбөгч Г.Дөлгөөн залсан юм. Монголын тамирчид 1965 оны Унгарын нийслэл Будапештэд болсон наадмаас хойш оролцож эхэлсэн түүхтэй.