БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилгаар жил бүрийн намар зохион байгуулдаг Хятадын олон улсын импортын экспо энэ оны 11 дүгээр сард зургаа дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү экспо нь Хятадын эдийн засаг, инновацийн хамгийн том хот болох Шанхайд жил бүр зохион байгуулагддаг. Экспогийн үеэр олон орны бизнес эрхлэгчид цугларч, өөрийн улсын бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах боломжийг олгодог томоохон арга хэмжээ юм. Тэгвэл энэ жилийн экспогоор олон орны 500 гаруй бизнес эрхлэгчид оролцоно гэсэн тооцоо байгаа юм байна.
Ирэх 11 дүгээр сарын 5-10-ны хооронд экспо албан ёсоор зохиогдох боловч түүнээс өмнө Шанхайд экспотой холбоотой үйл ажиллагаанууд аль хэдийн эхэлжээ. Одоогийн байдлаар 200 гаруй бизнес эрхлэгч, олон улсын брэндүүд Шанхайд цуглаад байна.
Худалдаа, наймаа, гэрээ хэлцлүүд хэдийн эхэлчихсэн гэдгийг оролцогчид хэлж байгаа юм. Цар тахлын үеэр ч тасралтгүй зохион байгуулагдаж байсан энэ экспо олон орны бизнес эрхлэгчдэд том боломж болдог гэдгийг мөн дурджээ.
Тухайлбал, Испанийн утсан мах, Франц дарс, Шинэ Зеландын сүү, Филиппиний дуриан жимсээс авахуулаад дэлхийн өнцөг булан бүрт алдартай бүтээгдэхүүнүүд нэг дор цуглардаг гэдгээрээ алдартай.
Өргөн хэрэглээний бараагаар зогсохгүй нисдэг машин, зоосны хэмжээтэй зүрхний аппарат, ширээний теннис тоглож чаддаг роботууд гэх мэт өндөр өртөг бүхий бүтээгдэхүүнүүдийг экспогийн үеэр танилцуулдаг байна.
Олон улсын бусад экспотой харьцуулахад Шанхайгийн экспо нь дэлхийн өнцөг булан бүрээс өөр насны, өөр хэмжээний орлого бүхий бизнес эрхлэгчдийг нэг дор цуглуулж, мэргэжлийн үйл ажиллагаа явуулдгаараа онцлог гэж олон улсын хөрөнгө оруулагчид үздэг.
Мөн томоохон хөрөнгө оруулагч компаниуд энэ экспо дээрээс хөрөнгө оруулж болох шинэ зах зээл олох боломжтой байдаг юм байна.
“Энэхүү экспогийн ачаар бид Хятадын зах зээлийг ойлгож, мөн бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхдээ итгэлтэй болсон. Түүнчлэн хамтарч ажиллах олон хамтрагчтай боллоо” гэж экспод оролцох бизнес эрхлэгчид хэлж байна.