Тулгар Төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний Эрх Чөлөө Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 112 жил, Ардын Хувьсгалын 102 жилийн ой, Хан Хэнтий аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаан үргэлжилж байна.
Энэ үеэр Монгол улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнэ зодог тайллаа. Тэрбээр тавын даваанд цолоо дуудуулж, сумын заан н.Ихбаярыг амалсан юм. Гэтэл өвдөг шороодох учиртай байсан Дархан аварга маань учраа бөхөө давсан нь хачирхалтай үйл явдал боллоо. Барилдааны дундуур ярилцсан бөхчүүд ойлголцож чадсангүй бололтой.
Мөн гурвын даваанд Улсын гарди Ц.Бямба-Отгон Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын заан Р.Алтаннаранг амласан. Улмаар Р.Алтаннаран түүний эсрэг шийдсэн мэх хийсэн ч тохой нь түрүүлж хүрсэн байгаа нь удаашруулсан бичлэгт "илт" үлджээ. Гэтэл зохион байгуулагчид Ц.Бямба-Отгоныг унасанд тооцож, сумын зааныг давуулсан билээ.
Ингэснээр Хэнтий аймаг түүхт 100 жилийнхээ ойгоор нутгийнхаа бөхийг давуулж, залуу гардийн урмыг хугалж, шинэ цолыг нь гутаав. Харин дөрвийн даваанд Улсын аварга П.Бүрэнтөгс гардийг давсанд тооцогдсон сумын заан Р.Алтаннаранг хаяв. Улмаар Хэнтий аймгийн 100 жилийн ойн бөхийн барилдаанд унасан бөх туг тойрч, давсан бөх зодог тайллаа.
Ж.Саяан
Сэтгэгдэл (6)