Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэллээ. Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар М.Даваажаргал зодог тайлснаасаа хойш анх удаа Монгол Улсад ирж, төрсөн нутгийнхаа наадамд оролцож байна.
Тэрбээр наадмын тухай сэтгэгдлээ хуваалцахдаа, “Монголдоо өчигдөр гэр бүлийн хамт ирсэн. Нутгийнхаа наадамд яг амжиж ирлээ. Өмнө нь 90 жилийн ойгоор ид сайхан барилдаж явах үедээ би нутагтаа ирж байсан. Тэгээд 10 жилийн дараа багш болоод нутагтаа ирж, наадмаа үзэхэд сэтгэгдэл өндөр, сайхан байна. Наадмын нээлтэд төрийн сүлдээ ахмадуудтайгаа өргөлцөж, нээлт сайхан боллоо.
Хорин жилийн хугацаанд долдугаар сарын башё манай наадамтай зэрэгцэж болж байгаагаас 19 жил монгол хүн түрүүлсэн байна. 2018 онд л нэг япон хүн түрүүлсэн. Тэгэхээр монголчууд яах аргагүй наадмаараа зэрэгцээд сайхан барилддаг уламжлалтай болжээ.
Сая болсон башёд мөн монгол хүн түрүүллээ. Бас 19 настай шавь маань барилдаж үзүүрлэсэн. Манай Төв аймаг Японы Фүкүй мужтай ах дүүгийн барилдлагатай. Тэр үзүүрлэсэн шавь маань энэ мужийнх. Өчигдөр тэгээд шинэ цолтой бөхөө өлгийдөж аваад эх орондоо ирж байна. Ийм олон сайхан бэлэгтэй ирж байгаадаа их баяртай байна.
Би багадаа аавынхаа нутагт их ирдэг байсан. Тэгээд бодохоор миний бие сэтгэл яах аргагүй энэ нутгийн байгаль, ус, агаартай холбоотой. Тэвчээр, оюун ухаан бол яах аргагүй нүүдэлчин ард түмний ёс заншил, уламжлалтай холбоотой гэж боддог. Би 15 настайдаа Япон руу явсан шүү дээ. Тэгэхэд мэргэжлийн сумо бөхийн хүнд хэцүү үеийг давж амжилтад хүрсэн маань Төв сайхан нутаг, Эрдэнэсанттай холбоотой гэж боддог доо.
Маргааш аавынхаа төрсөн газар Эрдэнэсантад очиж хүндэтгэл үзүүлнэ. Ээж маань Архангайнх. Нутгийнх нь 100 жилийн ой бас тохиож байгаа учраас хэдэн хоног наадамлаад явах төлөвлөгөөтэй байна" гэв.
Сэтгэгдэл (3)