“Шадар гурван цэрэг”, “Монте Кристо гүн”, “Хорин жилийн дараа” зэрэг зохиолуудыг мэдэхгүй номонд дурлагч бараг үгүй биз ээ. Дэлхий даяар шагшин магтах эдгээр алдартай бүтээлүүдийг туурвисан Александр Дюма (Alexandre Dumas) нь 1802 оны долдугаар сарын 24 –нд Францын умард нутагт байрлах Эна голын дагуух нутгийн Вилле-Котре гэх газарт цэргийн офицер Томас-Александр Дюмагийн гэр бүлд мэндэлжээ. Түүний эмэг эх африк гаралтай өнгөт арьст эмэгтэй байсан гэдэг.
А.Дюма эцгийгээ нас барсны дараа арав хүрээгүй насандаа Парист бичиг үсэг заалган сурч, хар бор ажил хийж яваад арван найман настайдаа "Гамлетыг" үзэж Шекспир, театр хоёртой зэрэг танилцаж, "Би сохор байснаа хараа орлоо" хэмээн тэмдэглэлийн дэвтэртээ бичээд уран зохиолын замналыг сонгосон гэдэг. А.Дюма урьд нь нэлээд бүтээл туурвисан ч 1829 онд "III Гэнрих ба түүний өргөө" гэдэг жүжиг нь театрын тайзнаас тавигдаж, сая түүнд нэр алдар авчиржээ.
Тэрбээр 1840-өөд оноос роман бичиж эхлэн, 1844 онд "Монте Кристо гүн", "Шадар гурван цэрэг" гэдэг хоёр алдарт роман нь хэвлэгджээ. Энэ үеэс тэр ихээхэн баяжиж Сен-Жерменд хувийн шилтгээн бариулан сууж, өдөрт 12-15 цаг ажиллаж бүтээлээ туурвих болжээ
Түүний бүтээлийн сүүлч бичигдэж дуусаагүй байхад түрүүч нь дэлхий дахинд цаг мөч тутамд тархаж, нэр алдрын "боол" болж байсанд зарим нэгэн атаат сэтгэл өвөрлөгчид "романы үйлдвэр" гэж түүнийг нэрлээд, зохиол бүтээл нь ганц түүний хөдөлмөрөөр бий болдоггүй, тусалдаг хүмүүс олон байдаг гэсэн цуу яриа дэгдээснээс "роман зохиолын үйлдвэр" гэдэг хоч нь харин ч эсрэг утга илэрхийлж түүний нэрийг улам алдаршуулж байв.
Авьяас билгийг нь бишрэн шүтэгч анд нөхөд, атаархан хорсогч дайсан этгээддээ хүртэл "Их Александр" гэж хүндлэгдсэн энэ хүн бүх л амьдралаа уран зохиолд харамгүй зориулсан бөгөөд Александр Дюмаг түүний хүү, ижил нэрт жүжгийн зохиолч Дюмагаас ялгахын тулд мөн "Эцэг Дюма" гэж нэрлэх болсон юм. Мөн тэр 1830, 1848 оны хувьсгалд оролцож явжээ.
"Ноён Дюма, та зохиолынхоо сэдэв, санааг хаанаас олдог вэ?" хэмээн түүнээс асуухад "Би өөрөө хаана л явна, тэр газраасаа олдог" гэж хариулжээ. Ийнхүү амьдралын эгэл үзэгдэл дундаас сэдэв санаагаа сонгон авч эгэлгүй тансаг бүтээлүүдээ туурвиж байсан аж.
Александр Дюма нийтдээ 1200 шахам ном зохиол өөрийн нэрээр хэвлэн гаргасан бөгөөд түүний бүтээлүүдээс дурьдвал:
- VII Чарльз Аугаа Вассалийн гэртээ эргэн ирсэн нь (1831)
- Сэлэмт урлагийн багш (1840)
- Эпштейн цайз дахь эхийн хий үзэгдэл (1843)
- Жорж (1843)
- Самар хагалагч (1844)
- Шадар гурван цэрэг (1844)
- Хорин жилийн дараа (1845)
- Арван жилийн дараа (1847)
- Монте Кристо гүн (1845–1846)
- Регентийн охин (1845)
- Хоёр Диана (1846)
- Марго гүнж (1845)
- Гүнгийн хатан Монсоро (1846)
- Дөчин тав (1847)
- Жузеппе Бальзамо (1846–1848)
- Хатантны сондор (1849–1850)
- Анж Пит (1853)
- Гүнгийн хатан Шарни (1853–1855)
- Шевалье де Мезон-Руж (1845)
- Хар алтанзул цэцэг (1850)
- Савойягийн гүнгийн зурвас (1853-4)
- Тэргүүн чоно (1857)
- Алт хулгайлсан нь (1857 оноос хойш)
- Иегугийн нөхөрлөл (1857)
- Робин Гуд (1863)
- Цагаан ба цэнхэр (1867)
- Сүүлчийн Кавалиер (1869) зэрэг романтик, түүхэн сэдэв агуулга бүхий хүүрнэл болон жүжгийн зохиолууд туурвиж, дэлхийн утга зохиолын ертөнцөд өөрийн гэсэн, дахин давтагдашгүй байр суурийг эзэлж чадсан юм.