Монголын ард түмний дунд Ард түмний гавьяат Адарсүрэн гэх нэрээр алдаршин үлдсэн, нэрт дуучин П.Адарсүрэн агсны хөрөг Завхан аймгийн төв Улиастай хотноо сүндэрлэв. Хэсэг уран бүтээлчид аймгийн төвийн нэгэн орон сууцны барилгын хананд түүнийг хөргийг зуржээ. Энэхүү үйл ажиллагаа нь Завхан аймгийн аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд хийгдэж буй. Тиймдээ ч түүний хөрөг дээр "Авьяастаны өлгий нутаг" хэмээн бичжээ.
Пэлжээгийн Адарсүрэн 1942 онд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутагт “Хярын зуслан” гэдэг газар зун, намрын заагт Цэвэгжавын Адарсүрэн болон төрсөн бөгөөд төрөөд удаагүй байхад нь түүний ээж Цэвэгжав нь түүнийг Пэлжээ гэж хүнд өргүүлсэн аж. 1963 онд тэрбээр тухайн үеийн Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа офицерын мэргэжлийн сургалтад сурч дуусгаад Говь-Алтай аймагт Монгол-Хятадын улсын хил дээр шифрлэгч-радистаар ажиллахаар очжээ. Энэ үед БНХАУ-д соёлын хувьсгал өрнөж, хоёр орны харилцаа таагүй болж байсан үе юм. Ингээд нэг удаагийн хилийн уулзалтад БНХАУ-ын төлөөлөгчид П. Адарсүрэнг их гоё дуулдаг гэсэн, бид нарт зориулаад сайхан ая бариад өгөөч гэж хүссэн. Ингээд тэрээр хятад ардын дуу болох "Дорно зүгээс нар мандаж байна" дууг маш сайн дуулсан байдаг. Гэвч энэ үйл явдал НАХЯ-ны анхааралд өртсөнөөр Мао Зе Дуны үзэл санааг дэмжигч гэсэн улс төрийн хэлмэгдэлд өртөөд халагдаж цэргийн амьдралаар явах зам үүд нь хаагдсан.
Дараа нь Ховд аймгийн Булган суманд "Цаг уурын станц"-д ажиглагч хийж байгаад 1970 оноос Улаанбаатар хотод шилжин Модны хоёрдугаар үйлдвэрийн клубийн эрхлэгчээр ажиллан, «Гэр ахуйн модны хоёрдугаар артель»-д зураачаар ажиллахын зэрэгцээ Гадаад худалдааны яаманд харьяалагдах «Хоршоолол» нийгэмлэгт самбо, чөлөөт бөхөөр хичээллэв. Улмаар 1971 оны 11-р сарын 6-нд УАДБЧ-д дуучнаар орж Ардын хувьсгалын 50 жилийн ойг угтсан Бүх ард түмний урлагийн үзлэгээс шалгарч медальт байранд орсон байна.
Л.Сайнаа