Монгол улсын Засгийн газраас энэ оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүний хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны "Welcome to Mongolia" зэрэг ажлууд үр дүнтэй байгаа гэдгийг сайшаая.
Эртнээс бидний аж төрсөөр ирсэн бидний эх орон байгалийн үзэсгэлэн бүрдсэн, яг л нэрт яруу найрагч Р.Чойномын шүлгэндээ бичсэн шиг
"Тэнгэр нь цэнхэр
Тэгш тал нь цэлмэг
Тэнд суугчид нь цэмцгэр
Тэнэгэр сайхан" эх орон билээ. Энэ сайхан нутагт минь жуулчид ихээр ирэх болсон та бүхэн анзаарсан биз ээ.
Тодруулбал, манай улсад өнөөдрийн байдлаар нийт 300 гаруй мянган жуулчин иржээ. Тэдгээрээс энэ сард л гэхэд 57 мянган жуулчин манай улсыг зорьжээ. Статистик мэдээллээс харахад өдөрт дунджаар 3500 орчим жуулчин хилээр нэвтэрч байгаа аж. Энэ онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан яамны зорилт алхам алхмаар урагшилсаар буйг энэхүү мэдээлэл харуулж байна.
Зорин ирж буй улсаар нь задалбал хамгийн их нь ОХУ-аас 130 гаруй мянган жуулчин энд онд Монголд зочилжээ. Түүний араас БНХАУ-аас 50 гаруй мянга, БНСУ-аас 50 мянга, Казакстан улсаас 10 гаруй мянган жуулчин ирсэн байна. Эдгээрийн ихэнх нь Чингис хаан, Алтанбулаг, Боршоо, Замын-Үүд, Цагааннуур боомтоор нэвтэрсэн гэх судалгааг Статистикын хорооноос мэдээлэв. Энэ долдугаар сард эрийн гурван наадам болж, үзэх гэж жуулчид ихээр ирсэн. Ирэх наймдугаар сард болох Даншиг наадмын үеэр энэхүү тоо улам өсөх хандлага ажиглагдаж буй. Тоон судалгаатай ажил л үр дүнтэй байдгийг бид өнгөрсөн хугацаанд харсан, үзсэн.
Жуулчид олноор манай улсыг зорин ирэх бас нэг шалтгаан бол гаднын одууд манай улсыг сурталчилан таниулах болсонтой холбоотой. Үүнд яамны бодлого ч нөлөөлж байгаа гэж итгэдэг.
Тухайлбал, бид бүхнийг киног нь үзэж, биширдэг байсан Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Жан Хёг бусад алдартай жүжигчдийн хамт Монголд зочилж, нэвтрүүлэг бэлтгэсэн нь олны анхаарлын төвд байж, хэсэгтээ шуугиан тариад амжсан. Солонгос оддын оролцсон “Couriers in Mongolia” наймдугаар сард дэлгэцнээ гарна.
Солонгосын JTBC телевизээс Монголд хүргэлт, шуудангийн үйлчилгээг танилцуулах зорилготой “Couriers in Mongolia” буюу “Монгол дахь шуудан зөөгчид” нэртэй нэвтрүүлгийн танилцуулга бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад эхэлчихсэн. Магадгүй та бүхэн үзэж, танилцсан байх. Уг нэвтрүүлгийн хүрээнд тус улсын нэрт дуучин, жүжигчид өнгөрсөн сард манай улсад ирж, зураг авалтаа хийсэн юм. Гишүүдийн бүрэлдэхүүнд “Сэргэлэн охин Ян Сун” киноны дүрээр нь Монголчуудын сайн таних жүжигчин Жан Хёг бий. Тэрбээр өөрийн хоёр сайн найз болох дуучин Ким Жонгүк, жүжигчин Ча Тэхён нартай хамт нэвтрүүлэгт оролцож буйгаараа онцлог.
Түүнчлэн саяхан Өмнөд Солонгостоо нэр хүндтэй Plus Size, бикини модел, инстаграмм одууд ирээд байгаа. Тэдний хувьд Монгол орны хөдөө талаар аялж, өөрсдийн сошиал хуудсаар дамжуулан олон мянган дагагч нартаа манай улсыг сурталчилан таниулж байгаа билээ.
Мөн бидний Playtime, наадам, үер гэж байх хойгуур өнөө цагийн хамгийн шилдэг жүжигчдийн нэг Оскарын шагналт Кристиан Бэл Баян-Өлгий аймгийн “Алтай таван богд” хавиар аялаад буцчихсан байх жишээтэй. Энэ мөн л маш том сурталчилгаа болж байгаа нь мэдээж.
Тэр Алтай нурууны сүрлэг уулсыг, Жан Хёгийн багийнхан ой мод, эгэл байгалийн үзэсгэлэнг, бикини моделууд өмнөд бүсийн элсэн манхан хйигээд хүн зоны аж амьдралыг сурталчилчихлаа. Одоо бид бусад жуулчдаа элгэмсүү сэтгэлээр угтан авч, үдэн өгвөл дээрх тоо баримтууд ирэх онуудад эрчтэйхэн нэмэгдэх цаг хугацааны л асуудал болжээ.
Сошиал хэрэглээ зар сурталчилгааны талбар болчихсон өнөө цаг үед зөвхөн одууд ч гэлтгүй энгийн нэгэн жуулчин хүртэл аялал жуулчлал хөгжихөд том нөлөө үзүүлж байгаа. Хэзээнээсээ л найрсаг, зочломтгой ёс уламжлалтай манай улсын иргэд хүртэл үүнд ач тусаа өгч байгаа гэж боддог. Тэр дундаа хөдөөгийн эгэл малчин ард найрсаг зангаараа олон олон жуулчинг Монгол оронд татаж байгаа билээ.
Юун түрүүнд ташуур болог. Хоёрт ч урам болог дээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Б.Бат-Эрдэнэ, яамны хамт олонд халуун баяр, талархал хүргэж байна. Ажлын амжилт хүсье.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (19)