Сүмогийн 73 дахь Ёкозүна Тэрүнофүжи Г. Ган-Эрдэнийн номын нээлт долдугаар сарын 25-нд Интерном дэлгүүрийн төв салбарт болох гэж байна. Номын нээлтийг “Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагай хөтлөж, Их аварга Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, номыг орчуулсан “Өдрийн сонин”-ы япон дахь сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг, номыг ариутган шүүсэн Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, зохиолч М.Уянсүх нар оролцоно.
Энэхүү ном нь 2021 онд Японд хэвлэгдэн гарснаасаа хойш хамгийн их борлогдож буй тамирчны хөрөг дурсамж номд багтах болжээ. Сүмогийн ертөнцөд өөрийнх нь хэлснээр “долоо дордож, найм сэхсэн” түүний унаж боссон түүх энэ номд бий. Ганцхан хүний түүх өгүүлээд байгаа боловч уншсан хүн бүхэн сүмогийн бүхэл бүтэн амьдрал, ёс жаяг, дэг журам, үзэл бодлыг бас гүн гүнзгий ойлгох байх. Тэр гүн хар ангалаас өөрөө мацаж, өгсөж, авирч газар дээр гарч ирээд зогсохгүй сүмогийн хамгийн өндөр цовх оргил “Ёкозүна” хэмээх алдарт хүрч чадсан юм.
Түүний туулсан энэхүү замнал олон хүнд амьдрах хүсэл, урам зориг өгчээ. Японы нийгмийн хатуу хөтүү урсгалд амь тэмцэн, цөхрөх хүн цөөнгүй байдаг. Амьдрах хүслээ гээж, гадаа гарахаа байж, гэртээ бүгдэг нэгэн залуу Тэрүнофүжи аварга хамгийн доод зиндаанаас барилдаж эхлэхийг зурагтаар хараад гайхан цочирдож, өөрийн эрхгүй өөдөө харж, урагшлах, амьдрахын тэмүүллийг ухааран аажим аажмаар сэргэж, гадаа гарч бас олны дунд ажиллахаар шийдсэн гэдэг. Ийнхүү амьдралаараа хүмүүст ухаарал хайрлаж, үлгэрлэж буй их аваргын номтой монголчууд эх хэлээрээ танилцах нь.