“ГАН ҮЗЭГ-2023” ЯРУУ НАЙРГИЙН
НААДМЫН УДИРДАМЖ
НЭГ: ҮНДЭСЛЭЛ
УБТЗ ХНН үүсгэн байгуулагдсанаас арван жилийн дараа буюу 1959 оны арваннэгдүгээр сарын 7-нд Төмөр замын Соёлын ордныг түшиглэн Утга зохиолын дугуйлан анх тулгын чулуугаа тавьсан түүхтэй. Уг дугуйланг анхлан Төрийн шагналт нэрт яруу найрагч Ч.Лхамсүрэн /Ган зам дууны яруу найрагч/ үүсгэн байгуулж, зохиолч А.Самбалхүндэв, Ж.Зана, Л.Лувсандорж, П.Лувсанцэрэн, Д.Наваансүрэн, Г.Сэсмээ, Б.Ваанчиг, Б.Ламжав гэхчлэн үе үеийн нэрт зохиолч, яруу найрагчид хамрагддаг байжээ. Улмаар Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Төрбат, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Равдан, Ю.Идэрчулуун, мөн Ж.Нямдаш, Л.Сэнгээ, Г.Бавуудорж, Д.Баатаржав, Ж.Жаргалсайхан, Б.Баярмагнай, М.Жаргалсайхан, Л.Ганзул, И.Батсайхан, Н.Алтанцэцэг нарын авьяастнуудыг төрүүлж, 2000-аад оноос хойш олон арван залуу яруу найрагчаар бүл нэмэн, Монголын зохиолчдын эвлэлийн салбар болон хөгжөөд байна. Монголын зохиолчдын эвлэлийн УБТЗ дахь салбар нь “Ган зам” сонинтой хамтран 1984 оноос эхлэн яруу найргийн "Ган үзэг” наадмыг жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн.
ХОЁР: ЗОРИЛГО
Төмөр замын сэдэвтэй утга зохиолын санг улам баяжуулах, утга зохиолоор дамжуулан төмөр замчдын ажил үйлс, төмөр замын үйл ажиллагаа, ололт амжилт, мэргэжлийн онцлогийг олон нийтэд таниулан сурталчлах, соён гэгээрүүлэх, Монгол хэлний үгийн яруу сайхан, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлж, төмөр замчин залуу уран бүтээлч, яруу найрагчдын үгийн цэц, ухааны царааг тэлэх, тэдний уран бүтээлийг үнэлэх, хөгжүүлэхэд энэхүү наадмын гол зорилго оршино.
ГУРАВ: ХАМРАХ ХҮРЭЭ
Төмөр замчин яруу найрагч болон нийт яруу найрагчдад нээлттэй /улсын хэмжээнд/
ДӨРӨВ: БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ
“Ган үзэг-2023” яруу найргийн наадамд оролцогчид 2023 оны 07 дугаар сарын 10-25-ны хооронд гурван шүлэг ирүүлэх бөгөөд тухайн шүлгүүд нь 2023 онд бичсэн өөр наадамд уншаагүй, номд хэвлэгдээгүй шинэ бүтээл байх. Ингэхдээ нэг шүлгээ заавал “Төмөр зам” сэдвийн хүрээнд бичсэн байх. Шүлгийг зохион байгуулагчдын MZE UBTZ фэйсбүүк хаягаар болон “Ган зам” сонины редакцид биеэр авчирч өгнө.
ТАВ: ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Яруу найргийн наадамд оролцогчдын ирүүлсэн шүлгүүдээс шилдэг 30 найрагчийн бүтээлийг МЗЭ болон салбараас томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн тодруулж, нэрсийг долдугаар сарын 26-нд зарлана. Хоёрдугаар шатанд шалгарсан 30 яруу найрагчийн бүтээлийг долдугаар сарын 27-ны 13.00 цагаас “Ган зам палас”-ын тайзнаа уншуулж, өгөгдсөн сэдвийн хүрээнд, шүлгийн утга санаа, илэрхийлсэн байдал зэргийг харгалзан 1-5 байр шалгаруулна.
Шагналын сан 5000000 төгрөг.
ЗУРГАА: ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД
УБТЗ ХНН, “Ган зам” сонин,
Монголын Зохиолчдын Эвлэлийн Улаанбаатар Төмөр Зам дахь салбар