БАРИМТ 1
Тэрбээр Дундговь аймгийн Луус сумын уугуул. Аймгийн алдарт уяач цолтой.
БАРИМТ 2
Улаанхүү дөрвөн охин, нэг хүүтэй. Хар үрээг нь дунд охин нь унаж хурдлуулдаг байж. Харин улсын наадамд хүүгээрээ унуулжээ.
БАРИМТ 3
Тэрбээр 2009 он цэргээс халагдаж ирээд морь уях хоббитой болсон. Тухайн жил өөрийн адуунаас унаган үрээгээ уясан нь наадамд 100 гаруйн хүлгээс 19-д хурдалсан нь урам нэмжээ. Түүний дараа жил ээжийнхээ ах Энхбаатар гэдэг хүний бэлэглэсэн хонгор халзан морийг хавчиг насанд нь уяж, аман хүзүүнд хурдлуулжээ. 2013 оноос бие даан морь уяж, 2015 оноос өдөр тутмын ажил болгосон гэдэг.
БАРИМТ 4
Тэр бол удам дагасан уяач хүн. Түүний аавын талын улс бүгд л сумын цолтой, саян уяач хүмүүс байдаг гэнэ.
БАРИМТ 5
Тэр багадаа жин ихтэй хүүхэд байсан учир төдийлөн хурдны морь унаад байсангүй. Гэвч нутаг усныхаа наадамд айрагдаж, түрүүлсэн түүхтэй. Их бага сунгаанд унадаг ч, наадмын өдөр дүү нь унаж, хурдлуулдаг байжээ. Наадмын өдөр харин тэр гэрээ сахиж үлддэг сайн хүү байж.
БАРИМТ 6
Түүнийг бага байхад тэдний өвөлжөө Дундговь аймгийн төвөөс 48 км-ийн зайд байдаг байжээ. Тэр дөрөвдүгээр анги хүртлээ онц сурсан. Харин тавдугаар ангидаа сургуулиа дур мэдэн орхиж, гэртээ гүйж очсон гэдэг. Тийн очсон хүүгээ аав, ээж нь буцаан сургуульд нь оруулсан ч Улаанхүү наймдугаар анги төгсөөд хөдөө гарчээ.
БАРИМТ 7
Тэрбээр анх удаа Улсын баяр наадамд хүлэг сойсон нь түрүү байж, түмний хайрыг хүлээсэн юм. Гэрээс гарахдаа зургаан хүлэг хөтлөн гарчээ. Хар үрээ нь улсын наадамд түрүүлж, Хэнтийн Сэцэнханд хоёр морь нь дөрөв, тавдугаар байраар айрагдсан гэнэ.
БАРИМТ 8
Улаанхүү 2020 онд Аймгийн алдарт уяач цолоор шагнуулсан. Аймгийнхаа баяр наадамд бага насны морьд нэлээдгүй түрүүлгэсэн тэрбээр өнөө жил улсын наадмыг итгэл дүүрэн зорьсон нь энэ.
БАРИМТ 9
Хар үрээ нь хавар их л өнгөтэй байж. Сэрвээ өндөр, хийц сайхан төрсөн нь битүү хар үрээгээ тэр Цагаан сараас эхлэн Улсын баяр наадамд бэлджээ. Хар үрээ зуны сунгаануудад уралдаагүй байсан.
БАРИМТ 10
Хар үрээ нь өнгөлж ирэх үед тэр харж чадалгүй морины хашааруу морьтойгоо хатируулсан гэдэг. Уяач хүний хамгийн дээд жаргал бол Улсын баяр наадамдаа хүлэг түрүүлгэх явдал. Тэр ч жаргалаа эдэлж суугаа.
БАРИМТ 11
Морь бариачийн буруу үйлдлээс болж хар үрээг нь аман хүзүүнд орсон гэхэд Улаанхүү уяач эмзэг хүлээж аваагүй. Тэр харин ч төрийн наадамдаа үрээгээ айрагдуулсандаа сэтгэл хангалуун байжээ. Харин түрүүлсэн гэдэг шийдвэрийг сонсоод баяр төрсөн гэнэ.
БАРИМТ 12
Түүний гэргий моринд хайртай, сайн хань. "Тийм ч учраас миний морьд хурдалдаг байх" гэж Улаанхүү ярьж байлаа.
БАРИМТ 13
Хар үрээ нь айрагдсан мэдээг тэр хамгийн түрүүнд ээждээ хэлж, баярын халуун нулимс хацар чигтээ унагажээ. Эр хүний баярын нулимс ихэд үнэтэйн учир энэ. Морь, хүүхэд хоёр нь бахдуулж явахад урсдаг, баргийн гардаггүй халуун нулимс билээ.
БАРИМТ 14
Төв цэнгэлдэх хүрээлэнд хар үрээгээ цоллуулахаар хөтлөн орж ирэхэд нь наадамчин олон уухайлан, бахдаж байлаа. Тэр үед л Улаанхүү уяач эр хүн болж төрснийхөө эрхэм үнэнг мэдэрчээ. Тухайн мөчид үгээр хэлэмгүй сайхан байсан гэж ярив.
БАРИМТ 15
Сэцэнханы наадмаас Улсын баяр наадмыг зорихдоо тэр хүүдээ "Том наадам учир хариуцлагатай, сэргэлэн цовоо, авхаалжтай" байгаарай гэж ихэд олон захисан гэнэ. Түүний ярьснаар хүү нь захиасыг нь маш сайн биелүүлж, чадварлаг, ухаалаг унасан гэнэ. Хүүгээ тэр итгэл алддаггүй, авьяастай гэж магтжээ.
БАРИМТ 16
"Уяач хүний зам зөв байдаг. Тийм ч учраас би зөв амьдарч байгаа. Хар үрээгээ зарахгүй. Төр түмний хайр ивээлийг хүртчихээд мөнгө хараад явах хүмүүс бид биш" гэж тэр хэлж байв. Ах нь Улаанхүүд "Миний дүү төрийн наадамд морь түрүүлгэсэн сайн уяач болно. Даруу, эгэл яваарай" гэж захисан гэдэг. Ахыгаа дагаж уяач болсон хүү урмыг нь хугалалгүй, улсын наадамдаа морь түрүүлгэсэн нь энэ билээ.
БАРИМТ 17
Түүний бага охин наадмын өмнөхөн мэндэлжээ. Бусад гурван охид нь хурдан морь унадаг. Улаанхүү уяач хүүгээ уяач болгоно гэж боддог. Хүү нь ч моринд хайртай, дуртай.
БАРИМТ 18
Аав нь Улаанхүүд архи, тамхи битгий хэрэглээрэй гэж захисан. Тийм ч учраас тэр хэрэглэдэггүй. Итгэлийг нь алдаагүй.
БАРИМТ 19
Улаанхүү "Адуу гэдэг эрхэм амьтан. Уяач хүн оройн дээд цолондоо хүрэхэд малгайн оройд нь морины гурван толгой байдаг юм билээ. Тэгэхээр надаас эрхэм амьтан болж таарна" хэмээн ярилцлагадаа дурдаж байв.
БАРИМТ 20
Түүний хүү бага насандаа тэднийд ирсэн гэнэ. Улаанхүү хүүгээ өөрийн нэр дээр авахыг ихэд хүсэж явдаг. Хүүдээ хайртай нэгэн. Түүнээс хойш хүлгийн толгойд уурга сунгах хүнийг хүүгээ л гэж боддог.
БАРИМТ 21
Түүнийг нутаг усныхан нь ажилсаг, эгэл даруу гэдгээр нь магтан сайшаадаг. Тэр ажилсаг, хийж байгаа зүйлдээ сэтгэлээсээ ханддаг, хүнтэй яриа хөөрөөтэй хүн.
БАРИМТ 22
Хар үрээ нь түүний дүүгийн унаган адуу. Наадмын дараагаар түүний дүү рүү үрээгээ зарах уу гэж олон хүн асууж, утсаар ярьсан гэнэ. Гэвч тэд хурдан буянгаа зарах сонирхолгүй байгаа гэнэ.
БАРИМТ 23
Тэр энэ жил найз, хуурай ах дүүсийн хамтаар гал болон гарсан. Тэднийхээ хүч хөдөлмөрөөр л улсын наадамд морь түрүүлгэлээ хэмээж байв. Харин галынхан нь Улаанхүүгээс зөвлөгөө авдаг.
БАРИМТ 24
Тэр үнэхээр л дуу хуурын өлгий нутаг Дундговийн хүн гэмээр сайхан дуулдаг.
Сэтгэгдэл (7)