БАРИМТ 1
Нелсон Мандела нь 1918 оны долдугаар сарын 18-нд тухайн үеийн Өмнөд Африкийн Кейп мужийн нэг хэсэг Умтатагийн Мвезо тосгонд төржээ.
БАРИМТ 2
Хоса хэлээр "үймээн таригч" гэсэн утгатай Ролилала хэмээх нэр өгсөн ч хожим методист баптисм хүртсэн Манделад англи санваартан "Нелсон" гэдэг нэр өгснөөр Нелсон Мандела хэмээн нэрийдэх болжээ.
БАРИМТ 3
Түүний эцэг эх хоёулаа бичиг үсэг мэддэггүй байсан ч ээж нь сүсэг бишрэлтэй, Христэд итгэгч байсан тул түүнийг долоон настайд нь нутгийн Методистын сургуульд явуулсан аж.
БАРИМТ 4
Өмнөд Африкт түүнийг Манделагийн овгийнхны өгсөн хүндэт хэргэм "Мадиба"-гаар нь мэддэг.
БАРИМТ 5
Түүний өвөг эцэг нь нас барахад Манделад омгоо толгойлох хүндтэй үүрэг ногдож тогтсон ёсны дагуу 23 нас хүрээд гэрлэх ёстой байв. Гэвч тэр дээд боловсрол эзэмшихийг хүсэн Йоханнесбург хотноо ирж, тухайн үед цагаан арьстнууд голдуу суралцдаг байсан томоохон их сургуульд хуулийн чиглэлээр элсэн оржээ.
БАРИМТ 6
Мандела 1939 онд Өмнөд Африкийн хар арьснуудад зориулсан сайн сургуулиудын нэг Форт Хэйрийн их сургуульд элсэн суралцсан юм. Тухайн үед арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг хамтран тэмцэгч, дотнын анд нөхөр Оливер Тамботойгоо танилцсан гэдэг. Удалгүй тэд бойкот зохион байгуулсан гэх үндэслэлээр сургуулиасаа хөөгджээ. Тэд 1944 онд арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг үйл ажиллагаа явуулдаг Өмнөд Африкийн улс төрийн намд нэгдсэн юм.
БАРИМТ 7
1944 онд Эвелин Нтокотой гэрлэж, 13 жил ханилжээ. Энэ хугацаанд тэд дөрвөн хүүхдийн эцэг эх болсон ч 1958 онд салсны дараагаар залуу ажилчин бүсгүй Номзамо Уинифред Мадикизелатай гэрлэжээ. Тэд хоёр охинтой болсон юм. Мандела 1995 онд хэвлүүлсэн “Long Walk to Freedom” хэмээх намтар номондоо “Анхны харцаар дурласан эсэхийг би хэлж мэдэхгүй юм. Ямартай ч би анх түүнийг олж хараад эхнэрээ болгохыг хүсэж буйгаа мэдэрсэн” хэмээн бичсэн байдаг. Гэвч тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй юм. Уиннигээс салснаасаа хойш хоёр жилийн дараа Мандела Грака Мачел хэмээх бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд тэрхүү эмэгтэй нь Мозамбикийн ерөнхийлөгч асан Самора Мачелийн бэлэвсэн эхнэр байжээ.
БАРИМТ 8
Махатма Гандигийн ном зохиолыг уншиж, түүнээс маш их зүйлийг сурсан тул сайн сайханд хүрэх тэмцлээ зөөлөн аргаар явуулж байжээ хэмээн судлаачид үздэг.
БАРИМТ 9
1953 онд Оливер Тамботой хамтран Өмнөд Африкт хар арьст хүмүүсийн байгуулсан анхны хуулийн фермийг байгуулжээ. Хоёр найзын энэхүү алхам нь мөн л эрх чөлөө, тэгш эрхийн төлөөх үйлдэл байв.
БАРИМТ 10
Тайван замаар тэмцлээ өрнүүлж байсан ч 1956 оны арванхоёрдугаар сарын 5-нд түүнийг 150 гаруй хүний хамт баривчилж эх орноосоо урвасан, төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллажээ. Тэдний гэм бурууг 1956-1961 оныг хүртэл шүүсэн бөгөөд "Treason Trial" хэмээн алдаршсан тус шүүх хурал таван жил үргэлжилсний эцэст Нелсон Манделаг цагаатгасан байна.
БАРИМТ 11
Цагаатгагдсан даруйдаа тэрбээр 1961 онд "Үндэстний Жад" нэртэй зэвсэглэсэн хөдөлгөөнийг нөхөдтэйгөө хамтран байгуулсан аж. Тэрбээр зэвсэгт хөдөлгөөн байгуулснаа “Олон жил энх тайван замаар тэмцлээ. Үр дүн гарсангүй. Арьс өнгөний үзэлт төрийн зүгээс ирж буй хавчлага, шахалт дарамт улам бүр нэмэгдлээ. Одоо зэвсэгт тэмцэл хийхээс өөр арга зам байхгүй болсон “ гэж тайлбар хийж байжээ. Шүүгч тэднийг дөрвөн удаа зэвсэгт халдлага үйлдсэн, дотоодын үймээн самуун дэгдээсэн, гадаадын тагнуул, туршуулаар ажилласан зэргээр буруутгаж, бүх насаар нь хорих ялаар 1964 онд шийтгэжээ.
БАРИМТ 12
1964 оны дөрөвдүгээр сарын 20-нд болсон шүүх хурлын нээлт дээр яагаад зэвсэгт тэмцэл өрнүүлэх болсон талаараа “Африкын ард түмний тусын тулд өөрийн амьдралаа би зориулсаар ирсэн. Хүн бүхэн тэгш эрхтэй, бие биеэ хүндэлсэн, ардчилсан, чөлөөт нийгмийг би дээдэлдэг. Гэхдээ чөлөөт нийгмийн төлөө шаардлагатай бол би үхэхэд бэлэн байна” гэж хэлсэн ажээ.
БАРИМТ 13
Тэрбээр амьдралынхаа 27 жилийг шоронд өнгөрөөсөн. Үүний 19 жилийг Роббен Исланд хэмээх хамгийн харгис шоронд өнгөрүүлсэн. Дараа үеийн хар арьст тэмцэгчдийг мөн тэнд хорих болж, үүнийг нь хүмүүс Манделагийн их сургууль гэж нэрлэх болсон тул түүнийг 1982 онд Поллсмуур Прайсон (Pollsmoor Prison)-д шилжүүлжээ.
БАРИМТ 14
Манделаг хоригдож байх үед дэлхий даяар "Манделаг сулла" хөдөлгөөн өрнөж, орон нутаг болон олон улсаас түүнийг суллахыг шаардаж байв. Мөн Манделагийн асуудлаар АНУ, ЗХУ зэрэг улсууд өөр өөрсдийн байр сууриа тухайн үед илэрхийлж байв. Шинээр ерөнхийлөгч болсон Фредрик Уиллям де Клерк 1990 оны хоёрдугаар сарын 11-нд түүнийг ямар ч болзолгүй шоронгоос суллах зарлиг гаргаснаар шоронгоос суллагдсан.
БАРИМТ 15
Нельсон Мандела ӨАНУ-ын Апартейд дэглэмийг халж, олон арьстны ардчилал руу шилжих, шилжилтийг удирдахад эвлэрэл, хэлэлцээг удаа дараа, олон шатанд өрнүүлэн үр дүнд хүргэж хувь нэмрээ оруулсан юм.
БАРИМТ 16
Энх тайван, тэгш эрхийн төлөө тууштай тэмцэгч Мандела суллагдсанаасаа хойш гурван жилийн дараа 1993 онд Нобелийн Энхтайваны шагналын эзэн болжээ.
БАРИМТ 17
Өмнөд Африкийн нэгдсэн улс (ӨАНУ)-д 1994 онд болсон анхны ардчилсан сонгуулиар Ерөнхийлөгчөөр сонгогдон 1999 он хүртэл ажиллажээ. Ингэснээр тус улсын түүхэн дэх анхны хар арьст ерөнхийлөгч болсон билээ.
БАРИМТ 18
Тэр 85 настайдаа буюу 2003 оны арваннэгдүгээр сард ДОХ-ын эсрэг тэмцэлд оролцсон байна. ДОХ/ХДХВ-ын хор хөнөөлийг урьдчилан таниулах, үхлийн аюултай өвчнөөс сэргийлэхэд уриалах зорилготой хүмүүнлэгийн тоглолтын үеэр Кейптаун хотын “Ногоон цэг” цэнгэлдэхэд илтгэл тавьжээ. Түүний илтгэлийг сонсохоор 40 мянган гаруй хүн цугласан гэдэг. “46664” нэртэй уг хүмүүнлэгийн тоглолтын нэр нь Манделагийн шоронгийн хүмүүжигчийн дугаар аж. 2005 онд хүү Макгатогоо ДОХ-ын улмаас амиа алдсан болохыг олон нийтэд зарлаж дараа жил нь “46664” оддын тоглолтыг Өмнөд Африкт болон Европт дахин зохион байгуулж, орлогыг ДОХ-той тэмцэх ажилд бүрэн зориулжээ.
БАРИМТ 19
Түүний дуртай хамтлагуудын нэг нь 1990-ээд оны Английн домогт хамтлаг "Spice Girls" байжээ. Тэрбээр 1992 онд Америкийн алдарт жүжигчин Дензел Вашингтоны гол дүрийг нь бүтээсэн "Малкольм Икс" кинонд дүр бүтээсэн байдаг.
БАРИМТ 20
2010 онд Мандела 92 нас хүрч, төрсөн өдрөө ач, зээ нарынхаа хамт Йоханнесбург дэх гэртээ өнгөрүүлж, түүнээс хойш гурван сарын дараа шоронд өнгөрүүлсэн 27 жилийн амьдралыг нь хүүрнэх “Conversations with Myself” хэмээх ном худалдаанд гарчээ.
БАРИМТ 21
2012 онд Нелсон Манделагийн цахим архив төсөл хэрэгжиж, албан ёсоор нээлтээ хийжээ. Уг ажилд “Google” компани 1,25 сая ам.долларын тусламж үзүүлснээс гадна төслийн хүрээнд түүхийн чухал баримт болсон хэдэн арван мянган баримт бичиг, зургийг цахимжуулсан байна.
БАРИМТ 22
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн долдугаар сарын 18-ныг түүнийг 92 настай байхад буюу 2010 онд “Нелсон Мандела олон улсын өдөр” болгон зарлажээ. Тухайн үеийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун "Мандела хүний эрх, нийгмийн шударга ёсны төлөө 67 жил зүтгэснийг тэмдэглэнэ. Ингэхийн тулд яг одоо (долдугаар сарын 18) наанадаж 67 минут нийгэмд сайн дураараа үйлчлэхийг дэлхийн ард түмэнд уриалж байна" гэжээ.
БАРИМТ 23
Төрсөн өдрийг нь олон улсын өдөр болгон зарласнаас хойш гурван жилийн дараа буюу 2013 оны 12 дугаар сарын 5-нд Йоханнесбургт 95 насандаа таалал төгсжээ.
БАРИМТ 24
Нелсон Мандела "Лениний одон"-г хүртсэн хамгийн сүүлийн хүн бөгөөд 40 гаруй жилийн дотор 100 гаруй шагнал авсан, олон жил хоригдон ял авсан ч цагаатгагдаж, улсынхаа ерөнхийлөгч хүртэл болсон нь түүнийг энх тайвны төлөө тууштай тэмцэгч, хүсэл зорилгынхоо төлөө няцашгүй зоригтон болохыг гэрчилж байна.