XXI зууны ууган наадамд Агваансамдангийн Сүхбат анхны түрүүгээ хүртэж, арслан цол авсан нь 2000 он юм. Тэр жилийн наадмаар А.Сүхбатыг түрүүлэхийг бэлгэдэж, бас наадмын өмнө төрсөн нуган үрээ бөх болохыг ерөөж бөхийн үнэнч дэмжигч Сүхбаатар гуай хүүдээ Сүхбат хэмээн нэр хайрлажээ. Нутгийн хөгшчүүд нь гарцаагүй том бөх болно гэж ам шагшин магтана.
Бөхийн мэргэжилтнүүдийн ч харааг булаасан С.Сүхбат хүү 17 настайдаа төрсөн нутаг Хашаат сумынхаа наадмын түрүүг авлаа. Тухайн жилийн чөлөөт бөхийн өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээний 85 кг-ын жинд Э.Батмагнай (улсын начин)-тай түрүү булаалдан мөнгөн медаль хүртэн гэртээ харив. Их спортын элдэв мэхийг “Аварга” дээд сургуульд дөрвөн жил суралцахдаа олж мэдсэн ч сумын заан цолноос хэтрээгүй сургуулиа дүүргэв.
Харин түүний амжилтын торгон ир таарч том бөх болсон нь 2022 он. Сумын заан цолтнуудын барилдаанд 10 давсанаар Архангай нутгийн аварга, арслангуудын харааг булааж, араас нь залгах бөх гэдгээ ахин нотолсон нь Бүх цэргийн наадам бөгөөд начин цолтой нутаг буцах нь даанч хайран байлаа.
Нутгийн ах болох цэргийн арслан Л.Отгонбаатар нь түүнийг цэргийн начин цолонд хүргэсэн. Цэргийн начин болох замдаа аймгийн арслан Л.Нямбаяр, М.Адъяахүү, тухайн жилийн улсын начин Б.Мижидсүрэн, Ө.Батзул нарыг давсан. Үүнээс нэг сарын зайтай Архангай аймгийн баяр наадамд улсын цолтой гурав, аймгийн арслан цолтой зургаан бөх зодоглосон чансаатай 128 бөхийн барилдаанд амжилтанд өлссөн С.Сүхбат босоо байжж арслан цол хүртлээ. Архангайд түрүүлсэн бөх Ардын төрийн наадмаас цол авдаг бичигдээгүй хуультай.
Улсын наадамд зодоглосон бол начин цол авахаар тийм сайн байлаа. Аймгийн арслан цолтой ердөө 16 хоног болохдоо Дундговь аймгийн түүхт 80 жилийн ойн түрүүг хүртэж, хурц арслан чимэг авсан юм.
Түүний бие хувирсан гэж жигтэйхэн. Алдарт бөх Б.Бат-Эрдэнийн цойлон гарч ирж буй үеийн дүр зураг гэлтэй. Жилийн дотор танигдахгүй хувирсан бөх юм даг. Алтан цомын барилдаанд даян аварга Н.Батсуурийг төвөггүй унагаж харагдлаа. Хэн нь аварга гэлтэй тийм нэг илүүгээ харуулсан барилдааныг мартах аргагүй. Одоо л нэг бяр нь ханаж, бэлтгэл нь жигдэрсэн, биеэр ч, бяраар ч том бөх болсон Хотонтын Сүхбат хүү төрийн наадамдаа зургаа давж, Улсын харцага цолтон болсон юм аа.
Баяр наадмын түрүү бөх М.Бадарч ахаас нь допинг илэрч тэр одоо Улсын заан гэж цоллуухаар болж байна.Түүнийг ард түмэн төрийн наадмын түрүү хүртэнэ гэж итгэл тавьдаг. Тэр итгэл ч талаар үл болохгүйг бид мэднэ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (23)