Долдугаар сарын 21-нд Кристофер Ноланы "Оппенхаймер" нэртэй бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн кино гарах гэж байгаатай холбогдуулан гол дүрийн баатар болох алдарт физикч Роберт Оппенхаймерийн талаар товч мэдээллийг хүргэе.
Атомын бөмбөгийн эцэг гэгдэх Оппенхаймер нь Еврей гаралтай Америк онолын физикч байсан юм. Тэрбээр Дэлхийн 2-р дайны үеэр цөмийн зэвсэг бүтээх зорилготой "Манхэттен" төслийг ахалж Лос Аламос дахь лабораторийг удирдаж байжээ.
Энэ төсөл бол ШУ-ы түүхэн дэх хамгийн онцгой төслүүдийн нэг байсан бөгөөд хүн төрөлхтний түүхэнд чухал ач холбогдолтой юм. Тухайн үед Германы технологи болон шинжлэх ухаан өндөр хөгжсөн. Хэрэв нацистууд атомын бөмбөгийг түрүүлж бүтээсэн бол өнөөдрийн дэлхий ямар байх байсан бол?
Харин Оппенхаймер тэргүүтэй эрдэмтэд өөрсдийн хүсэлтээр амьдралаараа мөрийцөн байж энэ хүчийг Германчуудад биш АНУ-д атгуулсан байдаг. Зарим хүн Оппенхаймерийг чөтгөрийн нүгэлтэн хэмээн ад үзэж байхад, зарим нь түүнийг баатарлаг эрдэмтэн хэмээн хүндэтгэдэг.
Аль талаас нь харахаас хамааран түүний амьдралын түүх маш сонирхолтой. Угтаа эх орныхоо төлөө зүтгэж үндэсний баатар болохуйц гавьяа байгуулсан ч эргээд өөрийнхөө бүтээсэн мангасын хүчийг хараад тэрээр шоконд орсон байдаг. Учир нь хүн төрөлхтний өмнө хэзээ ч учирч байгаагүй их хүчийг тэдэнд амсуулсан бөгөөд үүний хор уршиг нь нөхөн сэргээгдэхээргүй мөхөлд хүргэж болзошгүй юм.
Үүнийг ойлгосны дараа тэрбээр шинжлэх ухааны судалгааныхаа эрчийг бууруулж цөмийн зэвсгийн эсрэг хөдөлгөөнд манлайлан оролцож эхэлжээ. Харин нэгэн цагт түүнээс чухал хүнгүй мэт байсан улс эх орон нь түүнийг "урвагч" хэмээн цоллож, зөвлөлтийн тагнуулаар сэжиглэн яллах гэж зүтгэж байсан удаатай.
Эх сурвалж: Gej yu ve?