Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Өвөрхангай аймгийн ЗДТГ, БОАЖГ-аас “Торгоны зам – Хархорум” соёл, аялал жуулчлалын эвент үйл ажиллагааг 7 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Хархорин суманд зохион байгуулна.
Монголын Эзэнт гүрний үед өрнө, дорно, өмнө, умард зvгийг холбосон худалдаа, эдийн засаг, элчин харилцаа, шинжлэх ухаан, технологи, соёл хоорондын харилцан нэвтрэлцэх дэлхийн гүүр, төлөөлөгч, худалдаачдын дамжин өнгөрдөг гол суваг нь Хархорум байсан учир гарцаагүй Торгоны замын хотуудын нэг хэмээн судлаачид үздэг байна.
Өдгөө энэ замын түүхэн улбааг нэхэж, ач холбогдлыг тодотгох цаг үеийн түүчээ дахин эхэлж, Их Эзэн Чингис хааны зарлигаар алтан ургийн хаадын байгуулсан Эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Эрдэнэ-Зуу хийдийн үнэт өв, нүүдэлчдийн түүх, зан заншил, өв соёлыг сурталчлах, цаашлаад Олон Улсын хэмжээний соёл, аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болгох зорилт дор гурав дахь жилдээ зохион байгуулах юм.
Уг фестивал нь “Торгоны замын Алтан гэрэгэ” нээлтийн арга хэмжээгээр эхэлж, “Туурайн төвөргөөнд Торгоны зам” олон улсын хөгжмийн наадам, цамын бүжиг, морин поло үзүүлэх тоглолт, айрагны сөгнөөн, сурын харваа зэрэг уламжлалт өв соёлыг харуулсан тоглолт, уралдаан тэмцээнийг зохиох аж.