Төрийн хонжны хүлэглэсэн энэхүү загал нь тэтгэвэрт гарах хугацаа нь болсон хэдий ч ижил сүрэгтээ хайртай, дайчдадаа дассан сэтгэл нь төрийн наадмын зүг чиглүүлсээр л байдаг билээ. Анх энэхүү бор морийг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Ч.Баярсайхан Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын ажилсаг, хөдөлмөрчөөрөө нутагтаа алдартай нэгэн малчны хотоос өөрийн биеэр очиж, нүдэлж авч байсан түүхтэй. Тэр цагаас хойш тасралтгүйгээр 15 дахь жилдээ Төрийн их наадамдаа оролцжээ.
Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн үе үеийн захирагч нар төрийн хонжин хэмээх эрхэм үүрэг хүлээдэг бөгөөд хурандаа Ч.Баярсайхан гурван жил, хурандаа Л.Батболд долоон жил, хурандаа Ж.Мөнхбаяр гурван жил, хурандаа М.Болдбаатар хоёр дахь жилдээ хүлэглэж байна.
Өнгөрсөн жилийн наадам буюу Ардын хувьсгалын 100, 101 жилийн их баяртаа сүүлийн удаа үүрэг гүйцэтгүүлээд тэтгэвэрт гаргана гэж байсан ч энэ жил ижил сүргээсээ огтхон ч холдож чадаагүй гэхээр дэндүү хайрлам. Хэдий нас өндөр болсон ч гүйцэтгэл сайн, үргэж мэдэхгүй, жагсаалч, эзэндээ ээлтэй, Төрийн тугийг залах, цэнгүүлэхэд гаршиж, наадам бүрээр төрийн хонжинтойгоо омогшил, бахархалтайгаар наадамчин олны өмнө гарч ирдэг нь яахын аргагүй төрийн хүлгийг нь нотлох шиг...
Эх сурвалж: Монгол Цэрэг - Дэлхийн Цэрэг
Сэтгэгдэл (1)