Баяр наадмын эхний өдөр бид Төв цэнгэлдэхийг тойрч содон хүмүүстэй яриа хийсэн юм. Тэдний нэг Герман улсын иргэн Xaver Funk-тай ярилцсан сонирхолтой яриаг хүргэж байна.
Та хаанаас ирсэн бэ?
-Би Герман улсаас ирсэн.
Энд ирээд хэр удаж байна даа?
-Ирээд гурван долоо хоног гаруй хугацаа өнгөрч байна.
Наадмын талаарх сэтгэгдлээсээ бидэнд хуваалцахгүй юу?
-Өөр спортыг үзэж сонирхох сайхан байлаа. Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа сэтгэлийг минь маш их хөдөлгөлөө.
Яагаад заавал Монголыг сонгож ирэх болов. Юу нь таныг татав?
-Миний найз бүсгүй. Тэр минь миний Монголыг сонгож ирэх болсон шалтгаан. Наадам үзэх, дээрээс нь найз бүсгүйнхээ гэр бүлтэй танилцах гэж ирсэн. Монголд ирнэ гэдэг сайхан мэдрэмж байлаа.
Морь унав уу?
-Би гурван удаа морь унасан. Эхний удаад би хөтлүүлсэн. Хоёр дахь удаагаа өчигдөр найз бүсгүйнхээ авгатай цуг холын замд давхиж үзсэн. "Чү" гэж хэлэхээр хурдалдаг юм байна лээ. Морийг зогсооход хэцүү байсан ч учрыг нь олж сурсан.
Хуушуур идэв үү?
-Төрөл бүрийн л хуушуур идэж үзлээ. Анх удаа идэж үзсэн хуушуурын амт л хамгийн шилдэг нь л байлаа. Найз бүсгүйн маань ээжийн хийсэн хуушуур л даа. Гэхдээ тэр хуушуурыг наадам дээр идээгүй, Playtime наадам дээр идсэн. Харин төв цэнгэлдэхээс идсэн хуушуурын амтанд арваас зургаа үнэлгээ өгнө. Мах цөөтэй, чанарын хувьд тийм ч сайнгүй гэж хэлмээр байна.
Айрагны тухайд?
-Өглөө гэрээсээ наадмын нээлт үзэж байхдаа бага зэрэг уусан. Давгүй санагдсан.
Хөдөөгүүр аялав уу?
-Хөвсгөл рүү машинаар аялсан. Ногоон тал, тэнгэрийн өнгө, агаар гээд л ид шидийн мэт зүйл олон таарсан. Тэнгэрийн өнгө үдэш өөрчлөгдөж байсан нь бас ид шидийн уур амьсгалыг бүрдүүлж байсан.
Монголоос юу нь хамгийн их таалагдаж байна?
-Өөрийн минь өмсөж байгаа дээл таалагдаж байна. Аюулгүй хувцас гэж хэлмээр. Бүс бүслэсэн нь өвөртөө олон зүйлийг багтаах боломжийг бүрдүүлсэн. Тухтай, дулаахан, аятайхан хувцас байна.
Дээлээ хаанаас авсан бэ?
-Би энийг худалдаж аваагүй. Материалыг нь худалдаж аваад хийлгүүлсэн. Найз бүсгүйн ээжийн бэлэг гэж хэлж болно. Гар урлал.
Хэзээ буцах гэж байна даа?
-Удахгүй ээ. Зургаан өдрийн дараа буцах төлөвлөгөөтэй байгаа.
Наадмын мэндчилгээ дэвшүүлбэл?
-Наадмаа тэмдэглэж буй бүх хүмүүст наадмын мэнд хүргэе. Ирээдүйд нь сайн сайханг хүсэн ерөөж байна. Бүгдээрээ сайхан наадаарай.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (4)