БАРИМТ 1
Тэрбээр 1944 оны 11 дүгээр сарын 08-нд мэндэлжээ.
БАРИМТ 2
Тэр бол УДЭТ-ын хууччуулын нэг. Мөн дэлгэцийн урлагийн мастер билээ.
БАРИМТ 3
Д.Мэндбаяр Ховд аймгийн Манхан суманд 1944 онд айлын хоёр дахь охин болон мэндэлжээ.
БАРИМТ 4
Түүнийг дөрвөн настайд аав ээж нь хоёр тийш болсон тул аав, ахын хамтаар Улаанбаатар хотод нүүн ирсэн гэдэг.
БАРИМТ 5
Долдугаар ангийн сурагч байхдаа сургуулийнхаа тайзнаа “Муурын байшин” жүжгийн баян муурын дүрд анх тоглож байсан бяцхан охин ирээдүйн Монголын тайзыг өнгөлөх алдарт жүжигчин болох гарааны эхлэл цэгээ тавьж байжээ.
БАРИМТ 6
Нийслэлийн 18 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч байхад нь сургууль дээр нь Ардын жүжигчин Нямын Цэгмид, Г.Гомбосүрэн тэргүүтэй хүмүүс ирж сонгон шалгаруулалт явуулахад Д.Мэндбаяр тэнцсэн гэдэг.
БАРИМТ 7
Тэр цагаас урлагийн сургуулийн босго алхсан Д.Мэндбаяр 1963 онд жүжигчний мэргэжлээр төгссөн нь улсдаа анхны мэргэжлийн боловсролын диплом өвөртөлсөн жүжигчдийн нэг болсон юм.
БАРИМТ 8
Энэ цагаас хойш театрын тайзнаа тоглогдсон 200 гаруй жүжгийн гол ба туслах дүрд тогложээ.
БАРИМТ 9
Түүний ард түмний хайр татам олон сайхан дүр бүтээсэн хөдөлмөр зүтгэлийг үнэлж 1981 онд МУГЖ цол хүртээсэн.
БАРИМТ 10
Харин 2005 онд Ардын жүжигчин цол хүртээжээ.
БАРИМТ 11
Тэрбээр 30 гаруйхан насандаа 60 гаруй насны эмэгтэйн дүрийг амилуулсан нь “Эдлэх ёсгүй эрх” жүжгийн Бадамлянхуа хатны дүр юм.
БАРИМТ 12
Тухайн үедээ Д.Мэндбаяр дандаа хөгшин хүний дүр өглөө хэмээн гоморхдог байсан гэнэ. Энэ тухай тэрээр “Гэхдээ ухаантай найруулагчид гэдэг их ондоо юм билээ. Өнөөдрийг хүртэл үзэгчдийн үзэх дуртэй, урт настай дүрүүдэд намайг сонгож тоглуулсанд нь их л баярлаж явдаг юм” хэмээн ярьжээ.
БАРИМТ 13
Тэр бол “Мандухай цэцэн хатан” киноны Юнгэн хатны дүрд тоглочихоод нээлтийн үеэр үзэгчдийн суудлаас хөөрхий бяцхан охинд хор өгч байгаа хэсгийг үзээд тоглосон дүрээ үзэн ядаж суусан өрөвчхөн сэтгэлтэй нэгэн.
БАРИМТ 14
Тэрбээр эхийн хайрыг мэдрэлгүй өссөн. Эцэг эх нь хөндийрснөөс хойш тэр ээжтэйгээ ганцхан удаа уулзсан гэдэг.
БАРИМТ 15
Түүний нөхөр бол АЖ П.Цэрэндагва. Тэд хамтдаа олон уран бүтээлд дүрээ мөнхөлсөн ховорхон хүмүүс билээ.
БАРИМТ 16
Тэрбээр Баян-Өлгий рүү тоглолтоор явж байхдаа ээжтэйгээ уулзсан гэдэг. Гэхдээ түүний нөхөр өнхлөн ээжтэй нь уулзаж хэл дуулгасан аж. Тэр үед ээж нь "Охиныгоо ирж байхад" гээд хаашааны үүд хүртлээ цагаан эсгий дэвсчихсэн хүлээж байжээ.
БАРИМТ 17
Улсын драмын эрдмийн театрт 1963 оноос хойш ажиллаж, амьдрал, уран бүтээлээрээ холбогдсон эрхэм жүжигчин маань энэ хугацаанд дэлхийн сонгодог болон үндэсний 200 орчим жүжигт гол, туслах дүр бүтээжээ.
БАРИМТ 18
Мөн Монголкино үйлдвэрийн 1962-1996 онд бүтээгдсэн киноны 17-д, Монгол телевизийн 1973 оноос хойш бүтээсэн теле кино жүжгийн 20 гаруйд нь гол, туслах дүрд тоглосон.
БАРИМТ 19
2016 онд ОХУ-ын Бүгд найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хотод гурав дахь удаагаа зохион байгуулагдсан "Мөнгөн Акбузат" кино урлагийн наадамд "Ээж" Монголын Уран сайхны кино оролцож, Д.Мэндбаяр жүжигчин шилдэг эмэгтэй дүрийн тусгай шагналыг хүртсэн билээ.
БАРИМТ 20
Тэр аливаа зүйлд үнэн сэтгэлээ хандахыг чухалчилдаг. Тэр хүүхдүүддээ ч гэсэн та нар хэнд ч худлаа хэлж болохгүй. Өөрөө өөрсдийнхөө л итгэл зоригийг сэргээж явж бай гэж захидаг.
БАРИМТ 21
Тэр нөхөртэйгөө анх 1968 онд танилцаж байсан. 1971 онд нэг гэрт орсон. Хоёул урлагийн хүмүүс тул цаг заваар бага, хадмууд нь л хүүхдүүдийг нь өсгөсөн гэж хэлж болно.
БАРИМТ 22
Тэр залуу хосуудад хандан “Та нар минь хүлээцтэй бай, нэг нэгийнхээ үгийг сонсож байгаарай” гэж захиж байв.
БАРИМТ 23
Түүний аав 1976 онд өөд болсон. Энэ тухай дурсахдаа тэрбээр, "Тэгэхэд би их том гэдэстэй, өнөө маргаашгүй төрөх болчихсон байсан юм. Тэгсэн нэг өдөр ээж маань ороод ирлээ. Дүүгээс чинь аавын чинь бие муу байна гэж сонсоод ганц удаа ч болов аяга цай хийж өгье гэж бодсон юм гээд. Ээж маань хоёр өдөр аавд цай, хоол хийж өгч асарч байгаад явсан, бодвол аавыг гомдоосон сэтгэлээ бага ч гэсэн дэвтээсэн байх. Тэгж хоёр хоночихоод явсны дараа тав хоноод л аав маань өнгөрсөн дөө" хэмээж байлаа.
БАРИМТ 24
Түүний аав төмөр замын ажилчин байсан учир завгүй хүн байж. Харин эзгүй байх тэр өдрүүдэд хамт ажилладаг Оросууд нь ах тэр хоёрыг нь харж ханддаг байжээ.
Сэтгэгдэл (1)