Монголын ард түмний сэтгэлд хоногшсон олон арван дэлгэцийн бүтээлийг найруулж, үзэгчдийн хүртээл болгосон Монгол Улсын Ардын жүжигчин, Кино найруулагч Г.Жигжидсүрэнд долдугаар сарын 03-ны өдөр “Хөдөлмөрийн баатар” цол олголоо. Тэрбээр Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл байгуулагдсанаас хойших анхны “Хөдөлмөрийн баатар” цол хүртсэн уран бүтээлч билээ. Түүний Кино урлагт бүтээж туурвисан олон арван бүтээл болон мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг төр засаг өндрөөр үнэлж, ийнхүү шагнасан юм.
Энэхүү баярт үйл явдлыг тохиолдуулан Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл болон ажлын албаны дарга Ч.Ундрал, “Монгол Кино Нэгтгэл” ТӨҮГ-ын захирал Б.Түмэн-Өлзий нар Монгол Кино Үйлдвэрт хүлээн авч, баяр хүргэлээ.
Кино урлагийн салбарт, тэр дундаа дэлгэцийн бүтээлийн найруулагчаар амьдралынхаа туршид ажиллаж хөдөлмөрлөсөөр ирсэн тэрбээр,
- 1969 онд “Анхны алхам” УСК,
- 1972 онд “Эхлэлт” УСК,
- 1973 онд “Говийн нүдэн” УСК,
- 1976 онд “Хүний амь” УСК,
- 1978 онд “Суварган цэнхэр уулс” УСК,
- 1984 онд “Нарны унага” УСК,
- 1985 онд “Фронтод явах өргөдөл” УСК,
- 1986 онд “Намар нахиалсан мод” УСК,
- 1989 онд “Алтан шонхор” УСК-ны 1,2 дугаар анги,
- 1990 онд “Хүн чулууны нулимс” УСК,
- 1991 онд “Бүлээн нурам” УСК,
- 1992 онд “Амин мөр” УСК зэрэг олон арван кино найруулжээ.
Мөн “Говийн нүдэн” УСК, “Хүний амь”, “Суварган цэнхэр уулс” УСК, “Хатанбаатар” УСК, “Нарны унага” УСК, “Намар нахиалсан мод” УСК, “Алтан шонхор” УСК, “Зүүдний цагаан унага” УСК, “Их хааны удам” зэрэг 10 орчим киноны зохиол бичжээ.