Сэлбэ гол үерийн аюултай түвшинг давсан. Хэдэн хоногийн борооны улмаас далан сэтэрч, Сэлбэ гол орчмын орон сууц, барилга байгууламжууд усанд автаж, хүндхэн нөхцөл байдал үүсээд буй. Хэдийгээр усыг боох, "аргацаах" арга хэмжээ авч ажиллаж байгаа боловч дахин бороо орвол "Сэлбэ" голын үерийг хэрхэн хорих талаарх асуудал босож ирнэ. Усны хэмжээ ихсэх эрсдэл одоо ч бий. Мөн нэгэнт орох "бороо"-нд бид нөлөөлж чадахгүй. Тиймээс зарим иргэд онц байдал зарлах шаардлагатай тухай ярьж байна.
Тухайлбал, өчигдөр л гэхэд Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт 54 орон сууц, амины 5 байшин, 15 гэр, хоёр автозам, хоёр нүхэн гарц усанд аваж, мөн тооны далан болон гүүр задарсан тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна.
Үүнтэй холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанаар үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, УОК-т шаардлагатай арга хэмжээнүүдийг яаралтай авах, хүч нэмэгдүүлэн ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон байна. Үерийн гамшгаас шалтгаалж Нийслэлийн онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллахаар болов.
Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс НЦУГ, Геодези усны барилга байгууламжийн газар, Ус суваг удирдах газар, дүүргүүдийн ЗДТГ, хороо, СӨХ, Тохижилт үйлчилгээний хэлтсийнхэн усыг соруулан шуудуу, далан татан ажиллаж байгаа ч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ тодорхой байх ёстойг үерийн түвшнээс мэдэж болохоор байна. Үерийн аюултай түвшинг давж үерлэж байгаа тул дахин бороо орвол их хэмжээний хохирол амсах нь.
Сэтгэгдэл (1)