Италийн Соёлын сайд Ром дахь Колизей цайзын ханан дээр өөрийн болон сүйт бүсгүйнхээ нэрийг сийлж байгаа бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн жуулчинд хариуцлага тооцохыг уриалжээ.
Женнаро Сангиулиано даваа гарагт твиттер хуудсандаа “Жуулчин дэлхийн хамгийн алдартай газруудын нэг болох Колизейн түүхэн өвийг гутаан доромжилж, өөрийн болон найз бүсгүйнхээ нэрийг сийлж байгаа нь маш ноцтой, зохисгүй буруу үйлдэл. Энэ үйлдлийг хийсэн тэр хүн хэн ч бай хамаагүй манай хуулийн байгууллагынхан олж тогтоох болно. зохих шийтгэлийг нь оногдуулах болно" хэмээжээ.
Сайдын жиргээнд жуулчин залуугийн бүдэг зураг, 2000 орчим жилийн настай амфитеатрын нэгэн хананд үсэг сийлэхээр түлхүүр ашиглаж байгааг харуулжээ. Италийн ANSA агентлагийн мэдээлснээр уг бичээс дээр "Иван+Хейли 23" гэж бичсэн гэнэ. Энэ хэрэг өнгөрсөн баасан гарагт болжээ.
Хэрэв тэр хуулийн байгууллагын хаалга татвал дор хаяж 15 мянган евро "16,360 ам.доллар"-ын торгууль, таван жил хүртэл хорих ял сонсож магадгүй аж. 2020 онд ижил төстэй хэрэг гарсан нь Ирландын жуулчин Колизейг сүйтгэсэн хэмээн буруутгагдсан байдаг. Хамгаалалтын ажилтнууд түүнийг эртний байгууламжид өөрийн нэрийн үсгийг сийлж байхыг олж хараад цагдаад мэдэгдсэн юм.
Л.Сайнаа