Оросын хувийн цэргийн компани болох “Вагнер” бүлэглэлийг үндэслэгч Евгений Пригожин бослого өдөөсөнтэй холбоотойгоор Барууны хэд хэдэн орны удирдагчид Орост болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа. Тэгвэл энэ талаар Европын холбооны гадаад харилцааны тэргүүн Жозеп Боррелл "Уг бослого нь ОХУ-ын цэргийн хүч хагарч байгаагийн илрэл" хэмээжээ.
Даваа гарагт Люксембургт болж буй Гадаад хэргийн зөвлөлийн хуралдаанд оролцохоор явах замдаа Европын холбооны гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгчийн албан тушаал хашдаг тэрбээр сэтгүүлдэд ийн ярьсан байна. Түүнчлэн тэрбээр "ОХУ бол цөмийн зэмсгийн гүрэн. Энэ бослого тус улсыг улс төрийн тогтворгүй байдалд оруулбал сайны дохио биш" гэжээ.
Өнгөрсөн амралтын өдөр Вагнерын цэргүүд Москваг чиглэн давших үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины эрх мэдэлд сүүлийн хэдэн арван жилийн хамгийн том аюул тулгарсан гэдгийг гадаадын шинжээчид онцолж байгаа. Вагнерын босс Евгений Пригожин дараа нь цэргээ эргүүлж, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн зуучлалын дагуу Оросоос Беларусь руу явахаар зэхсэн гэж Кремль мэдэгдэв. Беларусийн албаны хүмүүс одоогоор хаана байгаа нь тодорхойгүй байгаа Пригожин тус улсад ирсэн эсэх, түүний статус ямар байхыг батлах боломжгүй гэж мэдэгдэв.