Цаг агаар, нойрны хэмнэлийн өөрчлөлт, хол зам зэргээс шалтгаалан аяллын үеэр арьс уян зөөлөн, толигор байдлаа алдаж, хуурайших, эмзэгших, өнгөө алдах зэрэг асуудлууд тохиодог. Тэгвэл аяллын үеэр арьсаа хэрхэн арчилж, толигор хэвээр нь үлдээх талаар дараах зөвлөмжийг хүргэж байна.
Арьс арчилгааны алхмуудаа энгийн байлгах
Халуун, бүгчим цаг агаарт цусны эргэлт ихсэх, хөлс ихээр ялгарсны улмаас арьс хуурайшин, үрэвсэх хандлагатай байдаг. Иймд арьсаа аль болох тайван байлгаж ретинол, AHA, BHA хүчил зэрэг идэвхтэй орц найрлага болон арьсыг гуужуулахаас түр татгалзаарай. Харин арьсыг тайвшруулах центелла, чийгшлээр хангах гиалуроны хүчил, арьсны дархлааг дэмжих антиоксидант зэрэг хөнгөн найрлагатай тонер, серум, чийгшүүлэгч тос зэргийг хэрэглэх нь тохиромжтой. Түүнчлэн зочид буудлын зүгээс санал болгодог нэг удаагийн гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх нь арьсанд ээлтэй.
Арьсаа тогтмол цэвэрлэх
Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан хүний бие энгийн үеэс илүү их хөлс ялгаруулдаг. Иймд арьсны нүх сүвийг бөглөхгүйн тулд аяллын үеэр арьсаа тогтмол цэвэрлээрэй. Ингэхдээ арьсыг хуурайшин, таталдахаас сэргийлж хөнгөн бүтэцтэй хөөсөн цэвэрлэгч аль эсвэл цэвэрлэгч ус сонгоорой.
Арьсыг чийгшлээр хангах
Аялж буй газрын тань цаг агаар чийглэг аль эсвэл хуурай гэдгээс үл хамааран ямар ч үед арьсны чийгийг хадгалахаа бүү мартаарай. Ингэхдээ чийгшүүлэгч серум, арьсанд хөнгөн мэдрэмж өгөх усан суурьтай тос сонгох нь зүйтэй. Түүнчлэн нисэх онгоцны бүхээг хуурайшил ихтэй байдаг ба дөрөв ба түүнээс урт цагаар үргэлжлэх нислэгийн үеэр салфеткан маск ч хэрэглэх боломжтой. Арьсыг чийглэг байлгах өөр нэг арга бол тогтмол ус уух юм. 2015 онд хийгдсэн нэгэн судалгаанд өдөр бүр хангалттай хэмжээний ус уух арьсны эрүүл, гэрэлтсэн байдлыг дэмжиж, хөгшрөлтийн явцыг удаашруулдаг болохыг баталсан байна.
pH-ийн хэмжээг тэнцвэржүүлэх
Уур амьсгал солигдох үед арьсны pH буюу хүчил шүлтийн хэмжээ алдагддаг. Арьсны pH хэмжээ алдагдсанаар загатнах, батга гарах, хуурайшихад хүргэдэг. Тэгвэл уг асуудлаас сэргийлэхийн тулд арьсны хүчил шүлтийн хэмжээг тэнцвэржүүлэх тонер сонгоорой. Түүнчлэн найрлагадаа ниацинамид агуулсан серум хэрэглэх нь pH-ийн хэмжээг тэнцвэртэй байлгахын зэрэгцээ серамидийн нийлэгжилтийг дэмжин үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.
Хамгийн чухал нь нарны тос
Орчин үед нарны тосны ашиг тус, давуу талыг мэдэхгүй хүн ховор билээ. Гэсэн хэдий ч завгүй аяллын үед нарны тос түрхэхээ мартах, аль эсвэл хурц наранд хэт удаан байх нь арьс түлэгдэх, хуурайших, нөсөө толбо, үрэвсэл үүсэх зэрэг асуудал дагуулдаг. Иймд арьсныхаа хамгаалалтыг сулруулахгүйн тулд нарны тосыг цаг тутам сэргээж, нарны шил, малгай өмсөхөө мартуузай. Нарны тосны хувьд 30-аас багагүй SPF-тэй, UVA болон UVB туяанаас хамгаалах тос сонгохыг санал болгож байна.
Түүнчлэн нислэгийн үед нарны тос заавал түрхэх хэрэгтэй болохыг арьсны мэргэжилтнүүд сүүлийн үед ихээхэн онцлох болсон. Учир нь онгоц дээш хөөрөхөд зорчигчид нарны хэт ягаан туяанд илүү ихээр өртдөг байна. Тодруулбал нисгэгч, онгоцны үйлчлэгч зэрэг агаарын тээврийн салбарын ажилтнууд дунд арьсны хорт хавдар гэгдэх меланома өвчний тохиолдол энгийн хүн амтай харьцуулахад хоёр дахин их байгааг судалгаагаар тогтоожээ.