Улсын баяр наадам дөхсөн энэ цаг үед бид та бүхэндээ улсын цолонд хамгийн ойрхон байгаа бөхчүүдийн тухай сонирхолтой мэдээллийг цувралаар онцлон хүргэх болно. Энэ удаад бид Аймгийн хурц арслан Мальшийн Еркебуланыг онцолж байна.
Харьяалал:
- "Өлгийн Хүчтэн" дэвжээ
- Ай Ти Эл Экспресс ХХК
Төрсөн өдөр: 1989/03/26
Төрсөн газар: Баян-Өлгий аймгийн Алтай сум
Өндөр: 178 см
Жин: 130 кг
Баян-Өлгийн аймгийн үндэсний бөхийн хөгжил чамгүй амжилттай яваа. Хурц арслан Канатын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа жигдрүүлж, эр бяр нь тэгширсэн олон хүчтэнгүүд өлгий нутгаас төрөн гарч байгаа. Тэдний нэг бол Аймгийн хурц арслан Мальшийн Еркебулан билээ. Одоо эд барилдаж байгаа бөхчүүдээс сэрвээндээ хамгийн бяртай бөх хэн бэ гэвэл түүнийг л хэлнэ. Адуу өргөж гайхуулсан аатай бөхчүүдийн нэг тэрбээр "Алтан цом"-ын төлөөх барилдаанд Улсын хүчит гарди М.Бадарчийг шахаж татаад, хөнгөхөн гэгч нь хаясан даа. Түүнчлэн Аймгийн арслан эвгүй бөх Т.Довчинсэмбээг гуядаж хаяаад, үнэхээр л бяртай эр гэдгээ харуулсан даа.
Тэрбээр 2008 онд 19 насандаа анх сумын заан цолыг хүртэж байв. Дараа жил нь цолоо баталсан гэдэг. Хоёр жилийн дараа 2011 онд сумын заан цолтойгоо Баян-Өлгий аймгийнхаа баяр наадам зодоглож, шууд аймгийн арслан цолонд хүрсэн. Тэр цагаас хойш аймгийн арслан цолтойгоо бүхэл бүтэн 10 жил барилдсаны эцэст 2021 оны наадмаар дахин түрүүлж, хурц чимэг нэмсэн.
2009-2011 онуудад Сумын заан цолтой бөхчүүдийн барилдаанд гурав, дөрөв давж явсан. Тухайн үед одоогийн Улсын харцага Н.Золбоо түүнтэй олон таарч барилдсан гэдэг. Хамгийн анх Аймаг, цэрэгт гарч зодоглосон нь 2009 оны Ховд аймгийн нэрэмжит бөхийн барилдаанд байлаа. Тэр нэг даваад тухайн үед Цэргийн хурц арслан байсан Улсын харцага А.Бямбажавд өвдөг шороодож байжээ. Тэр цагаас хойш аймаг, цэргийн цолтонд дөрөв, тав давчихдаг аранга нь болсон доо.
Улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд олон ч жил хүч үзжээ тэр. Тэгэхдээ 2017 онд нэг удаа Улсын аварга О.Хангайтай үзүүр түрүү булаалдаж, унасан байдаг. Уг барилдаан бол "Монголын ХАА-н Хоршоологчдын Үндэсний Холбоо"-ны 50 жилийн ой, Улсын Начин цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан 256 бөхийн барилдаан байлаа. Тус барилдаанд тэрбээр Улсын арслан Р.Пүрэвдагва, Ц.Содномдорж, харцага Ө.Даваабаатар, Д.Бат-Эрдэнэ, заан Б.Батмөнх нарыг хаясан.
Хүчит арслан маань энэ онд аймаг цэрэгт нэг түрүүлсэн нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, аймгийн арслан Равсалын Дамдины нэрэмжит барилдаан юм. Аймгийн харцага Н.Ширчинхүү, Аймгийн заан Х.Бөхбаяр, Аймгийн арслан Х.Очирхуяг, Г.Дармаажанцан, Цэргийн заан Э.Алтанбаяр нарын шилдгүүдийг хаяж түрүүлсэн. Мөн хоёрдугаар сард болсон Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит аймаг цэргийн цолтой бөхийн барилдаанд үзүүр булаажээ.
Тэрбээр 2018, 2019 оны Улсын баяр наадамд хоёр давж, гурвын даваанд Улсын начин Д.Тамирт өвдөг шорооджээ. Харин 2020 онд хоёр, 2022 онд гурав давсан байдаг. Тэгэхдээ Улсын начин Ц.Сандагдоржид унасан байдаг нь хачирхалтай.
Ерөнхийдөө бяртай бөхчүүдийн шилж амалдаг л эр. Харин эгзэг нь таарвал хэнийг ч хаячихдаг эвгүй л эр дээ. За тэгээд замыг нь зассан засаагүй, бэлтгэл сургуулилт дүүрэн байхдаа хэзээ нэгэн өдөр улсын цолонд хүрэх л бөх юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (7)