Өнгө алаг хорвоогийн уудамд хүмүүс өөр өөрийн ертөнцөд эрх дураар амьдарч буй. Тэргэнцэртэй, саажилттай гээд тэсгэл алдаж амьдралд шантраагүй тэр нэгэн залуугийн сэтгэлийн гүнээс урган гарсан нандин үгсээ шүлэг болгон тэрлэснийг нь та бүхэнд хүргэж байна. "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм маш хүндээр хүлээж авдаг. Бид чинь адилхан хүн шүү дээ. Адилхан л хүн шиг явж хөдөлмөрлөхийг хичээдэг" хэмээн ярих түүнийг Мөнхгэрэлийн Оюут гэдэг. Биеийн хөгжлөөр асуудалтай гэвч оюуны хөгжил, сэтгэлийн хүчээрээ тод гэрэлтэх олон хүний төлөөлөл болсон ийм нэг ертөнц оршин байна.
АМЬДРАЛД ХҮРЭХ ГАЛТ ТЭРЭГ
Манайх гэдэг айл хоёулахнаа
Маргаашийн нарыг ээж бид хоёр угтана
Аз жаргалыг гэртээ шагласаар
Амьдралын урт өдрүүдийг үднэ.
Хүү минь чи одоо том болсон
Хүслээ гүйцээхээр холыг зорь доо
Ээж минь нэг л өглөө ингэж
Энгэртээ намайг тэврээд хэлж билээ.
Амьдралд хүрэх галт тэрэг
Алсын замдаа нэгэнт гарчээ
Ачлалт ээж минь хүүгээ санасаар
Аниргүйхэн гурван жил өнгөрчээ.
Хайрт ээжийгээ гэсээр хүү нь
Харьж гэртээ яаран ирлээ
Харин ээжийнх нь оронд хүүд нь
"Хайртай" гэсэн зурвас л үлджээ.
Амьдралд хүрэх галт тэрэг
Алсын замдаа нэгэнт гарчээ
Ачлалт ээж минь хүүгээ санасаар
Аниргүйхэн гурван жил өнгөрчээ.
ЗҮРХ МИНЬ УЙЛААД БАЙНА
Зүрх минь уйлаад л байна... зүрх минь
Зуны бороо чи яасан их шивэрнэ вэ?
Хайрын тэнгэр минь чи яагаад уйлаа вэ?
Сэтгэл минь чамайг хүлээгээд л тэр үү?
Тэр зуны сонин бороо минь
Догдлуулан над дээр дахин ирээ юу хайр минь
Дотно үнэрийг санагдуулан жаргааж
Энэ чигээрээ намайг нэвт норгооч.
ТЭРГЭНЦЭРТЭЙ ХҮҮ
Чи тэргэнцэртэй ч байж болно
Чамайг хэн ч шоолж инээж болно
Амьдралд гэрэл асах үе олон бий инээгээрэй
Амьдралд өдөр бүр өнгөтэй, бүү шантраарай.
Өглөө сэрээд орон дээрээ чимээгүй сууна
Өрөөний минь цонхны цаана шувууд бас сууна
Тэр шувуудын зүг хараад л байлаа
Тэд над руу инээмсэглэх шиг л санагдлаа.
Ээжийн минь цэцэгс надад хайр бэлэглэх шиг
Энэ цэцэгс надад урам зориг өгөх шиг
Хүү минь чи хөл дээрээ босно оо гэж
Хэлж байгаа юм шиг санагдлаа.
Намар болж хичээл сургуулийн зүг
Хүүхдүүд явахыг хараад
Яагаад би хичээлдээ явдаггүй юм бэ? гэж
Ээжээсээ асуулаа.
Хариулт хэлээгүй ээжид биш
Харин яагаад гэдэг асуултдаа
Хүү нь маш их гомдлоо.
ТЭНГЭРТ Л ГЭРЭЛТЭХ БҮСГҮЙ МИНЬ
Огторгуйд дэлхий ганц л байдаг шиг
Надад ганцхан бүсгүй минь чи
Орчлонд чамайг харсан тэр л өдөр
Намрын тэнгэрт солонго татсан.
Тэнгэрт наран болж гийгээрэй, чи минь
Тэнгэрт одод болон түгээрэй, чи минь
Тэнгэрээс бороо болж асгараарай, чи минь
Тэнгэр өөд шувуу болон дүүлээрэй, чи минь.
Өглөө бүхэн чамайг бодон санааширч
Үүрээр харин чамайг зүүдлэн мэгшиж
Өөр нэгнийх болсон сэтгэлдээ
Үлдээж яв даа, намайгаа.
Учрал бүхэн жаргал болдоггүй юм байна
Улирал бүрд хайр ирдэггүй юм байна
Хайрлаж хүлээсэн сэтгэл буруутай гэж үү?
Хаачих юм бол доо, чиний сэтгэл?
Тэнгэрт наран болж гийгээрэй, чи минь
Тэнгэрт одод болон түгээрэй, чи минь
Тэнгэрээс бороо болж асгараарай, чи минь
Тэнгэр өөд шувуу болон дүүлээрэй, чи минь.
Р.Батхишиг