Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуулаачдын XVII уралдааны нээлтийн ёслол орон нутгийн цагаар МСК 19:00 цагт, Улаанбаатарын цагаар 00:00 цагт Москвагийн консерваторийн их танхимд эхлэх гэж байна.
П.И. Чайковскийн нэрэмжит олон улсын нь анх 1958 оноос зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд дөрвөн жилд нэг удаа болдог. Анх төгөлдөр хуур, хийлийн хөгжимчид оролцдог байсан бол 1962 оноос энэхүү уралдаан хүрээгээ тэлэх зорилгоор виолончель хөгжмийн, 1966 оноос дуурийн дуучдын сонгон шалгаруулалтыг нэмэн оруулжээ. Хамгийн сүүлд 2019 онд модон ба зэс үлээвэр хөгжмийн зэмсгийн төрлийг уралдаант хөтөлбөртөө багтаасан юм.
Энэ онд 65 жилийнхээ ойг тэмдэглэн 17 дахь удаагаа явагдах гэж байгаа олон улсын энэхүү өндөр зэрэглэлийн уралдааны нээлтийн Гранд парад тоглолтод үе үеийнх нь ялагч нар ая дуугаа өргөх ажээ.
Тодруулбал,
- 1958 оны Анхдугаар уралдааны Дэд байрын шагналтан Хятадын төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Лю Ши Кунь (фортепиано),
- Оросын төгөлдөр хуурч, П.И. Чайковскийн 1998 оны XI дэх уралдааны Тэргүүн байрын ялагч Денис Мацуев,
- Оросын дуурийн дуучин, 1994 оны X дахь уралдааны Гран-при эзэн Хибла Герзмава (сопрано),
- 2015 онд болсон XV дахь удаагийн Олон улсын уралдааны Тэргүүн байрын ялагч ба Гран-при эзэн, Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын болон Буриад Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин Ганбаатарын Ариунбаатар (баритон),
- XV дахь уралдааны Дэд байр, Оросын виолончелист Александр Рамм,
- Оросын хийлч XV дахь уралдааны Гутгаар байр Павел Милюков 2015 нар тайзнаа гарах юм.
- Мариинскийн театрын Симфони найрал хөгжмийн удирдаачаар— П.И. Чайковскийн нэрэмжит олон улсын дуулаачдын XVII дахь олон улсын уралдааны зохион байгуулах хорооны дэд ерөнхийлөгч Валерий Гергиев гарах юм.
Манай улсаас энэ жил таван дуучин оролцож байгаагаас Мариинский-2 театрын Мусоргскийн танхимд болсон шодолтоор,
- Хоролгаравын Мөнхтүвшин – 3-т
- Алтанхуягийн Отгонболд- 31-т
- Эрдэнээгийн Очирсайхан – 59-т
- Хурэлбаатарын Мягмарсурэн- 60-д
- Лхагвадоржийн Бүүвэйбаатар-62-т гарахаар болжээ.
П.И. Чайковскийн нэрэмжит олон улсын дуулаачдын XVII олон улсын уралдаанд ОХУ, Итали, АНУ, Серби, Казахстан, Өмнөд Солонгос, Япон, БНХАУ, Франц, Их Британи, Гурж, Молдов, Герман, Беларусь, Азербайжан, Узбекистан, Монгол Улс, Вьетнам, Словен, Венесуэл, Канад, Коста-Рика, Австралийн 236 залуу уран бүтээлчид орж байгаагаас 25 нь төгөлдөр хуурч, 25 хийлч, 25 виолончелист, 30 дуурийн эмэгтэй дуучин, 35 дуурийн эрэгтэй гоцлол дуучин, модон үлээвэр болон зэс үлээвэр хөгжмийн 48 хөгжимчин оролцох аж.
Харин шүүгчдийн бүрэлдэхүүнд ОХУ, Беларусь, АНУ, Вьетнам, Япони, БНХАУ, Бельги, Өмнөд Солонгос, Германи, Венгри, Швейцар, Румыни, Армени, Азербайжан, Итали, Унгар, Сингапур болон Испани зэрэг 18 орны нэрт хөгжимчид болон урлагийн зүтгэлтнүүд, соёл урлагийн тэргүүлэх сургуулиудын багш нар, дэлхийн томоохон театруудын менежер, агентууд багтжээ.
Сэтгэгдэл (2)