БАРИМТ 1
1978 онд Улаанбаатар хотод төрсөн түүнийг эгч нь долоон настайд нь хөгжмийн авьяастайг мэдэж Хөгжим бүжгийн сургуульд аав ээжээсээ нууцаар бүртгүүлснээр урлагийн ертөнцөд анх хөл тавьжээ.
БАРИМТ 2
Б.Чинбатын аав МУГЖ С.Батмөнх хэмээх хуучир хөгжимчин байсан бол ээж нь Үндэсний хөгжмийн Улсын уралдааны тэргүүн шагналт, СТА шанзчин А.Цэрэндулам. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол хөгжимчин аав, ээж нь түүнийг анх хөгжмийн ертөнцтэй танилцуулж, тэднийг даган ажил дээр нь очдог байх үеэс дуу хөгжим түүний зүрх сэтгэлийг өөртөө татжээ. Нэг эгчтэй бөгөөд эгч Б.Гэрэлчимэг нь бүжигчин ажээ.
БАРИМТ 3
Хөгжим бүжгийн коллежид С.Тунгалаг багшийн удирдлага дор суралцаж эхэлсэн тэрбээр дөрөвдүгээр ангиас эхлэн сургуулиа төгстөл МУГЖ Т.Цолмон багшийн шавь болон шилжин суралцаж, төгөлдөр хуурч мэргэжлээр төгсжээ. Улмаар 2013 онд СУИС-ийг хөгжмийн зохиолчоор суралцаж төгссөн байна.
БАРИМТ 4
Төгөлдөр хуур хөгжимд шамдан суралцахаас гадна 1, 2-р ангид байхдаа “Баавгайн явдал”, “Морины төвөргөөн” гэх мэт жижиг аязуудыг зохиосон бөгөөд 15 насандаа буюу 8-р ангид байхдаа “Ая зохиогч хүүхдүүдийн улсын уралдаан”-д “Хангайн дуу” гэдэг өөрийн зохиосон дуугаар оролцон түрүүлж арлын Япон оронд аялах эрхийн бичгээр шагнуулж байжээ.
БАРИМТ 5
ХБК-ийн оюутан байхдаа өтгөн урт гэзэгтэй байсан нь түүний хамгийн өвөрмөц, давтагдашгүй хэв загвараараа үеийнхэндээ үлгэрлэж байсан.
БАРИМТ 6
Гэргий нь рок попын анхны охидын хамтлагуудын нэг болох “Эмоушн” хамтлагийн дуучин Ц.Сарнай бөгөөд тэд нэг багшийн шавь нар юм. Анх Сарнайг "Англи дууг хэрхэн сайн дуулах вэ" уралдаанд дуулж байхыг нь хараад дурласан гэдэг. Б.Чинбат анхны хайртайгаа 11 жил үерхсний эцэст гэрлэж хөөрхөн охидын аав болсон билээ.
БАРИМТ 7
1993 оны намар, Хөгжим Бүжгийн Сургууль дээр нэгдүгээр дамжааны оюутан Чинбааг сураглан “Никитон” хамтлагийн дуучин Баачка, аргил гитарчин Цогоо нар иржээ. Энэ үеэс эхлэн Никитон хамтлагийн гишүүн болсон юм.
БАРИМТ 8
2005 оноос хойш Нью-Йорк хотын хамгийн олон үзэгчтэй, шилдэг шоу болох "Big Apple", мөн АНУ, Канадын нутаг дэвсгэрээр жил тойрон аялан тоглодог нүүдлийн цирк болох "Ringling Brother's and Barnum Bailey"-д хөгжмийн зохиолчоор ажиллаж байв. 2009 онд New York хотод болсон Nelson Mandel-д хүндэтгэл үзүүлэх "Mandela Day" концертод тоглож, мөн тэр ондоо New York хотын "Radio City Music Hall"-д "Rock N'Roll Hall of Fame" 25 жилийн ойн концертод тоглосон.
БАРИМТ 9
Б.Чинбат 2007-2011 он хүртэл Дэлхийн 100 алдарт эмэгтэй дуучны жагсаалтыг тэргүүлсэн, Soul хөгжмийн хатан хаан гэгддэг дуучин Aretha Franklin-тай түүний амьд хөгжмийн хамтлагт даралтат хөгжимчин, студийн хөгжмийн найруулагчаар ажиллаж байв. 2009 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн тангараг өргөх ёслолд Ареда Франклины “My Country 'TisOf Thee” буюу дуулагдсан дууны хөгжмийн найруулгыг хийжээ. Энэ үеэ тэрбээр Зүүдээр аялсан 3 жил хагас” гэж нэрийдэх дуртай.
БАРИМТ 10
Б.Чинбатыг дэлхийн хөгжмийн урлагт ч өндрөөр үнэлдэг билээ. Америкт хамтран ажиллаж байсан хөгжмийн зохиолч Жон Стийл түүний тухай “Тэр бол ямар ч төрлийн хөгжмийг нэг л сонсоод найруулан тавих маш нарийн мэдрэмжтэй. Зөвхөн өөрийн гэсэн тэр зүйлийг нэмж чаддаг ийм авьяас дэлхийд цөөхөн хүнд заяадаг” хэмээн “Дэйлихералд” сонинд өгсөн ярилцлагадаа бахдан өгүүлсэн байдаг.
БАРИМТ 11
2002 онд “Дурлалын сум” мюзиклийн хөгжмийг бичиж, энэ бүтээлээрээ "Гэгээн Муза" наадмаас "Шилдэг хөгжмийн зохиолч" шагналыг авчээ. 2011 онд “Аравт” киноны хөгжим, 2014 онд “Цахлай нисэх гэж төрдөг” олон ангит киноны хөгжим, 2014 онд “Ээжээ надтай гэрлээч” уран сайхны киноны хөгжим, 2015 онд "Ромео Жульетта" жүжгийн хөгжим, "Миний аялсан мянган хот" нэвтрүүлгийн хөгжмийг бичсэн нь олны сэтгэлд хүрсэн, сонсох дуртай аялгуунууд билээ.
БАРИМТ 12
Хөгжмийн зохиолч Б.Чинбатын "Алтан Сэргэ 2016" Олон Улсын Наадмаас "Шилдэг Хөгжмийн Зохиолч" шагналыг У.Шекспирийн "Ромео Жульетта" сонгодог жүжгийн хөгжим "Хязгаар Үгүй Хайр" бүтээлээрээ хүртэж байжээ.
БАРИМТ 13
Ш.Гүрбазарын үг “Сэтгэлийн гуйлга” дууг аавдаа зориулан аялгууг нь бүтээж, өөрөө дуулжээ. Бурхан хүртэл миний ааваас, Богино настай юм шиг санагддаг, Буянт аавдаа хүү нь дуу дуулъя, Тэнгэр, газар хоёр минь сонсож л байвал боллоо. Тэгвэл би Б.Чинбат гэж орчлонд хүн болсны минь хэрэг бүтнэ... хэмээн энэхүү дууныхаа эхэнд бичсэн байдаг.
БАРИМТ 14
“Дэгжин нүдэн”, “Танайд хоноё”, “Би чамд хайртай”, “Гийгүүлээч” зэрэг дуунуудыг ганцаараа дуулсан бол “Зүрхэн хоёр алга” дууг МУГЖ поп хатагтай Б.Сарантуяатай хамтарч дуулсан бол “Би үнэний дуу хоолой”, “Монгол Улсын Төрийн дуулал”, “Хунгийн дэгдээхэй” зэрэг дуунуудыг Эмоушн хамтлагтай хамтарч дуулсан юм.
БАРИМТ 15
“Давтагдашгүй”, “Эзлэн”, “Хязгааргүйн цаана” хэмээх бие даасан гурван тоглолт хийсэн.
БАРИМТ 16
2019 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр БНСУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, түүний гэргий Ц.Сарнай донор болсон. Улмаар 2020 оны хоёрдугаар сарын 1, 2-нд Монголын рок поп, сонгодог болон үндэсний урлагийн уран бүтээлчид хамтран мэс заслын дараах эмчилгээнд нь зориулж "Хос зүрхийг хамгаалъя" хандивын үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Хандивын хүрээнд рок попын уран бүтээлчид нэгдэн "NICITON & Friends" тоглолт, сонгодог болон үндэсний, драмын урлагийнхан хамтдаа "АРАВТ" хэмээх тоглолтыг толилуулж байсан билээ.
БАРИМТ 17
2021 оны Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээгийн санаачлан зохион байгуулсан арга хэмжээний үеэр ХБНГУ дахь долоон монгол сургуулийн хүүхдүүд хөгжмийн зохиолчтой хамтран З.Хангалын ая, З.Түмэнжаргалын шүлэг “Алтан зул” дууг онлайнаар хоршин дуулж нийт эмэгтэйчүүдэд мэндчилгээ дэвшүүлж байжээ.
БАРИМТ 18
Б.Чинбат нь 2022 оны нэгдүгээр сарын 29-нд Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсан.
БАРИМТ 19
2017, 2022 оны Үндэсний их баяр наадмын ерөнхий хөгжмийн зохиолчоор ажилласан. Өнгөрсөн жилийн наадмын нээлтийн дуугаар алдарт найрагч Данзангийн Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” шүлэгт ая хийж дуулуулсан билээ.
БАРИМТ 20
Металлика хамтлагийн шүтэн бишрэгч тэрбээр “Машинд явж байхдаа рок хөгжим сонсдог. Металлика хамтлагаас жинхэнэ эрч хүчийг мэдэрдэг. Америкт Нелсон Манделагийн төрсөн өдрийг тохиолдуулан хийсэн тоглолтонд бид нар Металликатай хамт орж байлаа. Сонсдог, шүтдэг байсан хамтлагтайгаа нэг тайзан дээр гарна гэдэг үнэхээр төсөөлөмгүй мөч байсан” хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ.
БАРИМТ 21
Бага байхад нь Чуулгынхан Чинбүүрээ гэж дууддаг байсан түүний хэлэх дуртай үг нь “Хүн хөдөлмөрлөж л байвал үр шимээ заавал хүртдэг”. Өөрийгөө хөгжилтэй, хүмүүстэй сайн харилцаж чаддаг хэмээн боддог.
БАРИМТ 22
“Apple-ийн бүтээгдэхүүнийг илүүтэйгээр ашиглахыг эрмэлздэг. Хэрэглэхэд хялбар, энгийн, амархан санагддаг. Хөгжимтэй байнга харьцдаг учраас хөгжмийн төрлийн аппуудыг их ашиглана. Logicpro, Protools зэрэг аппуудыг хамгийн их ашигладаг” хэмээн хамгийн их ашигладаг аппликейшн, бүтээгдэхүүний талаар ярьсан байдаг.
БАРИМТ 23
Урлагийн авьяасаас гадна хоол хийж, амт гаргахдаа сайн нэгэн ажээ. Бас усанд маш сайн сэлдгийг нь онцлууштай.
БАРИМТ 24
Хөгжмийн зохиолч Б.Чинбат хүмүүсийн намтар номыг унших их дуртай. Ялангуяа бүтээгч хүмүүсийн намтрыг уншиж тухайн зүйлсийг хэрхэн бүтээж, хэрхэн даван туулсныг сонирхдог байна.
Сэтгэгдэл (6)