Улаанчулуутад байрлах "Нарны хүүхдүүд" цэцэрлэгийн төслийг дэмжиж алдарт жүжигчин Стивен Сигаль өөрийн хамгийн үнэ цэнтэй эдлэлээ худалдаалж нэмэрлэх гэж буйг түүний эхнэр, бүжигчин Б.Эрдэнэтуяа цахим хуудаснаа нийтэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрбээр, "Монголын олон сайхан үрсийн төлөө монгол хүн биднээс илүү сэтгэл зүрх гарган олон сайхан хүмүүнлэгийн ажил төслүүдийг тун амжилттай хэрэгжүүлж нийт 370 хүүхдийн багтаамжтай хоёр ч цэцэрлэг барьж ашиглалтанд оруулсан "Вэлүү Сан"-гийн тэргүүн Жүүлии Вэлүү гэх Монголд хайртай Канад эмэгтэй байдаг юм байна.
Вэлүү сан нь сүүлийн 10-н жилийн хугацаанд СХД-ийн Улаанчулуут орчмын тусламж дэмжлэг шаардлагатай, эмзэг бүлгийн олон зуун хүүхэд, насанд хүрэгчдийг төслүүдээрээ дамжуулан боловсрол, хүнс тэжээл, хөдөлмөр эрхлэлт зэрэг олон талаар дэмжиж ирсэн бөгөөд дараагийн төсөл болох жилд 400 орчим хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох хүчин чадал бүхий "Нарны Хүүхдүүд" цэцэрлэгийн барилгыг шинээр барих төсөл дээр ажиллаж байгаатай нь танилцаад үнэхээр бахархах талархах сэтгэл төрж, цаашид тус дэм болж хамтарч ажиллах хүсэл сэдэл төрсөн.
Вэлүү сан нь жил бүр дэлхий дээрх хамгийн урт хандивын морин аялал болох Gobi Gallop морин аялал зохион байгуулдаг бөгөөд энэ жил сангийн 10 жилийн ой тохиож буйтай холбогдуулан энэ удаагийн хандивын арга хэмжээг илүү өргөн цар хүрээтэйгээр EVOLVE сэдэвт event (Өөрчлөлтийн төлөөх консепц концерт)-ыг 2023 оны 6-р сарын 17-нд UG Palace-д тэмдэглэхээр төлөвлөжээ.
"Нарны Хүүхдүүд" шинэ цэцэрлэгийн төслийг дэмжиж манай гэр бүлийн зүгээс дуудлага худалдаанд нэгэн чухал эд зүйлийг хандив болгон өргөж байгаа. Манай хүн луу жилтэй бөгөөд Наваратна (санскритаар) буюу 9 эрдэнийг ихэд эрхэмлэн дээдэлж биедээ үргэлж авч явж бөгж болон бугуйвч хэлбэрээр хэрэглэж ирсэн.
30 гаран жилийн тэртээ Тайландын Вант Улсын Эзэн Хааны гэр бүлээс түүнд дурсгал болгож өгсөн луу дүрстэй 9 эрдэнийн энэхүү эртний бөгжийг дуудлага худалдаанд анх удаа оруулж буй тул ханийн минь үнэнч фэнүүдэд энэ сайхан бөгжний эзэн болж Монгол хүүхдүүдийн төлөө нэгэн сайхан аянд нэгдэж буян хураах боломж гарч байгааг дуулгая гэж бодсон юм аа" гэжээ.
Энэхүү үйл ажиллагаанд Сан Жюнипер, А-Саунд, Жожо, Хөсөгтөн, Нэгүн хамтлаг болон Монголын балетын хөтөлбөр, дуучин Энх-Эрдэнэ нарын уран бүтээлчид оролцох аж. Хүүхдийн төлөө үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Сэтгэгдэл (1)