Монгол Улсын болон Буриад Улсын Гавьяат жүжигчин Ганбаатарын Ариунбаатар өөрийн цахим хуудаснаа, "Дэлхийн нэрт удирдаач Данил Орен болон энэ цаг үед нэрд гарч буй гайхалтай дуучин Марина Монзо /сопрана/, Иван Аион Ривас /тенор/ мөн бусад авьяаслаг дуучид, хөгжимчидтэй хамтарч Дж.Верди "Риголетто" дуурийг Испанийн Лас Палмас хотын Театрт гурван удаа амжилттай тоглолоо" хэмээн нийтэлжээ.
Түүний хувьд энэхүү дуурийн гол дүр болох Риголеттогийн дүрд тоглосон юм. Мөн энэ сард Москва хотноо болох П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын ХVII уралдааны нээлтэнд дуулах гэж байна. Монгол Улсын Соёлын элч, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар 2015 онд энэхүү уралдааны тэргүүн байр, гранпри шагнал хүртэж байжээ.
Харин энэ сарын 23-наас Санкт-Петербург хотод "Мариинский" театрын тайзнаа дараах дууриудыг дуулах аж.
- 23-нд "Трубадур"
- 24-нд "Набукко"
- 25-нд "Травиата"
- 30-нд "Дон Карлос"