Өнөө жилийн улсын баяр наадмаар урамтай сайхан барилдаж "Улсын начин" цолонд хүрсэн Төрбатын Довчинсэмбээг онцолж байна.
Төрсөн өдөр: 1988/03/31
Төрсөн газар: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум
Өндөр: 177 см
Жин: 115 кг
"Өвөрхангайн бөхчүүдийн барцдыг гаргагч"
Бөхийн өлгий нутаг өврийн сайхан хангай нутгаас Монгол улсын дархан аварга Д.Цэрэнтогтох, олон түмэндээ "Их монгол" хэмээн алдаршсан Хасын Шаравжамц, Улсын аварга Д.Сумъяабазар, Улсын арслан Б.Ганбаатар, Д.Ганхуяг тэргүүтэй олон сайн бөхчүүд төрөн гарчээ. Хэзээнээсээ л монгол бөхийн дэвжээнд ширүүхэн өрсөлдөөнийг үзүүлсээр ирсэн Өвөрхангайн бөхчүүдийн амжилт сүүлийн жилүүдэд тааруу байсан гэж хэлэхэд хилсдэхгүй.
Улсын харцага Х.Гантулга, Б.Цэдэнсодномоос бусдаар том цолтонгүй байсаар 2022 онтой золгосон. Гэвч өнгөрсөн жилээс тэдний барилдааны ур чадвар, арга барил сайжирч байгааг дуулгая. Өнгөрсөн тэгш ойн наадам Аймгийн заан цолтой тодорсон Ц.Бямба-Отгон Улсын харцага цолонд хүрч, нутгийн бөхчүүд хийгээд улсын цолтнуудын нүүр царай болж яваа.
За тэгвэл эдгээр бөхчүүдийн ард Аймгийн арслан Т.Довчинсэмбээ гэх элдэвтэй, хариулт мэх сайтай, хэнийг ч аваад залчихаж мэдэх, эвгүй бөх байдаг юм аа. Тэр бол 1985 оны Улсын баяр наадамд ес давж, Улсын арслан цол хүртсэн, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, баяр наадмын дэвжээнээ долоон удаа шөвгөрсөн, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Бандийн Ганбаатарын удмын бөх билээ. Дугуй хөлөндөө даанчиг уран мэхтэй, дуу яриа цөөтэй, жудаг даруу арслангаа цол авахыг нутгийн ард түмэн нь олон ч жил хүлээж байгаа.
"Заан цолны босго алхсан нь"
Тэрбээр 2021 онд болсон залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан "Үндэсний бөх-Үнэт өв" хүчит бөхийн барилдаанд ДОЛОО давсан. Тэгэхдээ нэгийн даваанд нутгийн бөх Аймгийн харцага Б.Батжаргалыг, хоёрын даваанд Ховд Аймгийн арслан Д.Бадамгаравыг, гурвын даваанд Улсын начин Г.Ганжадыг, дөрвийн даваанд одоогийн Улсын аварга О.Хангайг, тавын даваанд Улсын начин Л.Батзоригийг, зургаагийн даваанд Сэлэнгэ аймгийн харьяат Аймгийн хурц арслан Б.Төрболдыг, долоогийн даваанд Ховд аймгийн арслан Ц.Адъяаг тус тус хаяжээ. Улмаар наймын даваанд Улсын заан Б.Бат-Өлзийд амлуулан унаж, шөвгийн дөрөвт шалгарсан юм. Тэр жилийн наадамд бөхчүүдэд цол олгоно гэж барилдуулсан гэдэг ч цолыг нь өнөө хүртэл олгоогүй яваа. Угтаа Довчинсэмбээ арслан улсын цолны босгыг хэдийнэ гэтэлчихсэн, гуядаж хүрсэн ЗААН цолондоо ч дүүрэн барилдаж байгааг бид "Алтан цом" гэлтгүй олон барилдаанаас үзлээ, харлаа. Аваргыг ч хаялаа, арсланг ч хаялаа. Аатай бөхчүүдийг ч хавирлаа, наалаа, тонгорлоо. Бөх хүн насан туршдаа хөдөлмөрлөж, нэг л наадмаар цолонд хүрдэг жамтай. Гэтэл ганц сайн байсан жил нь "NoNaadam" гэх мэт ёс уламжлалаа уландаа гишгэлсэн залуус талбай дээр жагсаж, олон сайхан бөхчүүдийн амжилтыг мухарласан.
2021 оны тус наадамд цолны даваа давсан бөхчүүд баярлан гүйж байгааг бид харсан. Тэд цол өгнө гэж итгэж барилдсан болохоор тэр юм шүү. Энэ бол зүгээр л нэг байгууллагын ой байгаагүй. Хэзээ л байгууллагын ойд 512 бөх барилддаг байлаа даа. Эд барилдаж байгаа бүх бөхчүүд л үнэн хүчийг үзэн барилдсан. Бас тухайн жил л бөхийн шинэ үе түрж, бэлтгэл сайн хангасан хүчтэнүүд баяр наадмыг манлайлах байсан нь гарцаагүй. Тэд түүхт 100 жилийнхээ ойн барилдаанд одтой сайхан барилдаж, олон ч томчуудыг эр бяр, ухаанаар сөхрүүлсээр улсын цолны босго алхсан даа. Гэвч цолыг нь өгчихдөггүй төртэй билээ. Бусад газар аймаг, сумын наадамд цол олгосон. Тэр бүү хэл морь, сурандаа ч цол олгосон атлаа түүхт 100 жилийнхээ ойгоороо шөвгөрсөн 16-хан бөхөө ад үзсэн шиг сангадана. Ямар гуйж авсан цол биш, гуядаж хүрсэн даваа юм чинь өгчихөд яах вэ дээ гэж олон хүн чих тавин хүлээсээр л байна.
"Эвгүй бөхчүүдийн эрлэг, амаргүй бөхчүүдийн аранга"
Өнгөрсөн жилийн "Алтан цом"-ын төлөөх барилдаанд мань эр Булганы бузгай бөхчүүдэд хамгийн хатуу хандсан цөөхөн хүчтэнүүдийн нэг байсан. Тэрбээр тав барилдахдаа Улсын начин Б.Түмэндэмбэрэлд унаж, бусад дөрвийг нь амархан өвдөг шороодуулсан. Түүнчлэн Увсын бөхчүүдтэй хийсэн барилдаанд өндөр аварга, уран барилдаанд Т.Баасанхүү харцага зэрэг бөхчүүдийг хөлийн хурд, авьяасаар олны өмнө онхолдуулан давж, шуугиулсан хүчтэн. Тэрбээр мөн "Монгол бөхийн өргөөн"-д болсон улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаанд найм даван үзүүрлэж явсан эр.
Тэгэхдээ Улсын заан Д.Анар, Б.Бат-Өлзий, харцага Н.Золбоо, Б.Цэдэнсодном зэрэг сайчуулд мэхний гайхамшиг үзүүлж, давсан. Мөн тэр Бүх цэргийн баяр наадамд тав давж явлаа. 2019 оны Даншиг наадамд тав давж, Даншигийн начин цол хүртэж байлаа. Түүгээр ч тогтохгүй жюү-жицүгийн Азийн аварга билээ.
2023 оны Бүх цэргийн баяр наадамд Б.Өлзийсайхан, 2024 оны Бүх цэргийн баяр наадамд Г.Мөнхёндон дүүгээ цолонд хүргэсэн. Монголын бөхийн эрхэм тэр л чанарыг жинхэнэ утгаар нь өвлүүлж яваа тэрбээр унаж өгчихөөд залаанаасаа адис авчихдаг. Дугуй уран хөлөндөө даанчиг авьяастай тэр бол сайн бөх, сайхан ч араншинтай эр хүн. Тийм ч учраас бөхдөө хайртай Монголын ард түмэн түүнийг энэ жилийн наадмаар эрчтэйхэн дээш барилдаасай гэж харж байсан нь сая л нэг биелэж "Улсын начин" боллоо.
Л. Сайнаа
Сэтгэгдэл (19)